Гэрийн халад, углааштай хувьсгал хийсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болох нь ээ. Энэ үйл явдлыг олон нийт “Жагсагчид шагналаа авч эхэллээ” гэж тодорхойлж байна. Учир нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандан илгээсэн албан бичигт “А.Отгонбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс УИХ-ын гишүүний зөвлөхөө болгож байгаа тул Засгийн газрын тогтоолд заасны дагуу АА-6-5 шатлалаар цалинжуулах саналыг хүргүүлж байна” гэх хүсэлт хүргүүлээд байна.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах тайлбарыг хийсэн юм.
Тэрбээр, “Эрх баригчдийн буруутай шийдвэрүүдийг эсэргүүцсэн олон залуус өчигдөр Сүхбаатарын талбай дээр цугласан. Тэр дундаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэх залуу хамгийн эхэнд уриалан очсон билээ. Гэвч миний түүнийг зөвлөхөөрөө сонгосон шалтгаан нь өчигдрийн цуглаантай хамааралгүй гэдгийг мэдэгдэж байна. А.Отгонбаатар гэх залуу нь 10-аад жил эрх баригчдийн бусармаг үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн. Тэр өөрөө надтай холбогдон дарамтанд байгаа тул хамгаалж өгөхийг гуйсан. Түүний хүн чанар, тэмцэгч байдлыг харж үзсэн тул би энэ жагсаал болхоос өмнө түүнийг зөвлөхөөрөө томилох саналаа хүргүүлсэн. Эрх баригчдийн буруутай үйл ажиллагааны эсрэг идэвхитэй тэмцэж байгаа тул түүнийг би хамгаалалтандаа авсан. Харин УИХ-ын Тамгын газар миний захирамжийг ил гаргаж тавьсан. Энэ ямар нэгэн улс төрийн бодлоготой ажил байсан эсэхийг мэдэхгүй юм” хэмээв.