УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг батлах талаарх санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь дэмжив. Салбар болон орон нутгийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг яаралтай зохион байгуулж, шаардлагатай системчлэл, загварчлал, аргачлал, гарын авлага, программаар хангахыг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын хамаарал, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг тодорхойлон, төрийн захиргааны төв байгууллага байгуулах талаарх зураглал гарган, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгалаа.