ОХУ-ын төрийн албан хаагч асан авлигын хэрэгт холбогдож, ял сонслоо

2021-01-3 Ертөнц

Москва хотын төрийн албан хаагч асанд шүүхээс 12 дугаар сарын 25-ны өдөр чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял оноолоо. Москва хотын Серпухов дүүргийн дарга асан Александр Шестун нь хахууль авсан, залилан хийсэн, мөнгө угаасан, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсон гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон талаар төрийн мэдээллийн “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

Подолск хотын шүүхээс түүнд 15 жилийн хорих ялаас гадна хорих ял эдлэж дууссанаас хойш 8 жилийн хугацаанд төрийн албанд дахин томилогдохгүй байх, 49 сая рубль ( 661.000 ам.доллар)-ийн торгууль төлөх шийтгэл ногдуулжээ.

Прокурорын газраас түүнд чанга дэглэмтэй хорих ангид 20 жил хорих ял оноохоос гадна 50 сая рубль (675.000 ам.доллар)-ийн торгууль төлүүлэх яллах дүгнэлт үйлдсэн байна.

Александр Шестун нь өөрийгөө улс төрийн хэргийн золиос болсон гэж үзэж байгаа бөгөөд хуулийн байгууллагад баривчлагдахын өмнө Ерөнхийлөгч Владимир Путинд хандан өөрт тулгарч буй заналхийлэл, дарамт шахалтыг тайлбарласан бичлэг хийсэн байна. Энэхүү бичлэгт холбогдуулан Ерөнхийлөгч Путингийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Тус сэдэвт холбогдуулан хэлэх зүйлгүй.” хэмээн мэдэгдсэн байна.

2019 оны 06 дугаар сард болсон шүүх хуралдааны үеэр Александр Шестун нь тус гэмт хэргийг Холбооны аюулгүй байдлын албаны Санхүүгийн сөрөг тагнуулын хэсгийн дарга Иван Ткачевын өшөө авалт гэж хэлжээ. Үүний дараагаар тэрээр бугуйгаа нэг удаагийн сахлын хутгаар зүсэж амиа хорлохыг завдсан байна. 2018 оны 06 дугаар сараас хойш цагдан хоригдож буй Шестун нь хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж байжээ.

Александр Шестун нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувийн хэвшлийн 47 компани байгуулж, өрсөлдөөний үйл ажиллагааг зөрчиж тэдгээр компанид нийтийн эзэмшлийн газар олгосон бөгөөд төсвийн сангийн зээл бага хүүтэйгээр зээлдүүлсэн үйлдлийн талаар мөрдөгчид олон нийтэд мэдээлжээ. Үүний дараагаар мөрдөгчид түүнийг 9.4 сая рубль (146.000 ам.доллар)-ийн хахууль авсан хэрэгт буруушаасан юм.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.