Халдварын хоёр дахь давалгаа эхлэх магадлалтайг анхаарч, Иргэн бүр хичээцгээе

2020-12-14 Нийтлэл

 

Өнөөдрөөс эхлэн “Гэртээ ороорой” гэж хэн ч хэлэхгүй, “Хаачих гэж байгаа юм бэ?” гэж хэн ч асуухгүй. Бас мөрдөстэй залуус “Иргэн та, амны хаалтаа зүүгээрэй” гэж санаа тавихгүй…

Тийм ээ, Монгол Улс нь дотооддоо тархсан халдварын  голомтуудыг хяналтандаа авсан учир үйл ажиллагаа нь тасалдаад байгаа аж ахуйн нэгжүүдийг нээж, хорио цээрийнхээ дэглэмийг бууруулж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь халдварын тархалтыг нэг мөсөн хумисан гэсэн үг биш.

Тиймээс өнөөдрөөс эхлэн иргэн Та коронавирусийг нэмж тархаахгүй байхад хариуцлагатай байж амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгах зэрэг өөрөөс шалтгаалах дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай болж байгаа юм.

Тэгэхээр энэ удаад “амьдралын эрхээр” дэглэм бууруулж байгаа ч ДЭМБ болон салбарын сайдын томоос том анхаарлын тэмдэгийг мартаж болохгүй. Тодруулбал, шинэ коронавирусийн тархалтын динамик зураглалаар энэ сарын 11-ний өдөр хөл хориог цуцалвал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсч, халдварын нийт тохиолдлын тоо дөрөв, тавдугаар сард хамгийн дээд цэгтээ хүрэх хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд тодотгосоор байна. Мөн Сэлэнгэ аймагт энэ сарын сүүлчээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байгааг хатуухан сануулсан билээ. Тиймээс Иргэн бүр өөрөө өөрсдийгөө хянаад хичээгээрэй, өнөөдрөөс эхлээд амь нэгтэй байна шүү, монголчуудаа!

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.