Колумб  шинэ тив нээсэн нь

2019-12-6 Энтертайнмент

М.Э 1000 оны үед Лэйф Эриксоноор удирдуулсан викинг далайчид Америк тивд хөл тавьсан анхны Европ хүмүүс болсон билээ. Уг явдлаас хойш 500 орчим жилийн дараа Европын өөр нэгэн том аялал хийгдсэн юм. 1492 онд Америк тивд хүрч түүнийгээ дэлхий дахинаа зарлан тунхагласан эрхэм бол Христофер Колумб билээ.

1484 оны аравдугаар сар

Италийн Генуа хотоос гаралтай Христофер Колумб хэмээх залуу далайчин Атлантын далайгаар дамжин Энэтхэгт хүрэх аяллын тухай төлөвлөж эхлэв. Өөрөөр хэлбэл Атлантын далайгаар Японы аралд хүрч, цаашаа Хятад, Энэтхэгт хүрэх төлөвлөгөөтэй байв. Уг аялал нь Марко Пологийн аяллын тэмдэглэлд бичсэн маршрутыг хуурай замаар бус Атлантын далайгаар тойрон гүйцэлдүүлэх зорилготой байв. Колумб хүүхэд байхдаа “Дэлхийн гайхамшгуудын тухай Судар” хэмээх номыг уншсан гэдэг. Уг номонд XIII зуунд Перс, Энэтхэг, төв Ази, Хятад, Монголд айлчилсан францисканий номлогчдын гайхамшигт аялалын тэмдэглэлүүд гардаг. Чухам энэ үеэс л Колумб амьдралаа далайн аялалтай холбохоор шийджээ. Ингээд Колумб Испаний Кастили Вант улсын Хатан хаанд бараалахсан хэдий ч түүнд нааштай хариу өгсөнгүй. Колумб аялалын маршрут, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, төсөв мөнгө, аялалаас олох ашиг, түүнийгээ хэрхэн хувааж авах зэргээ улам нарийн боловсруулан 1491 онд дахин өргөн барив. Ийнхүү түүний төсөл Хатан хаанаар дэмжигдэв.

1492 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр

Христофер Колумб ба Хааны гэр бүлийнхэн албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа. Хатан хаан Колумбыг аяллын явцад нээх шинэ газар нутгуудын Амбан захирагчаар томилох мөн цуглуулах алт эрдэнэсийн 10 хувийг олгох шийдвэр гаргажээ.

1492 онд наймдугаар сарын 3-ны өдөр

Испанийн баруун өмнөд зүгт байрлах Палос де ла Фронтера хэмээх усан боомтоос “Пинта”, “Нина” болон “Санта Мариа” гэсэн гурван том усан хөлөг онгоцтой аялалд гарлаа. Багийн бүрэлдэхүүнд 90 хүн байх бөгөөд тэд бүгд аяллын ахмад Колумбад үнэнч ажиллана хэмээн тангараг өргөв. Хоол хүнс, зэвсэг, Библийн судрууд зэргээр хөлөг онгоцоо дүүргэлээ. Долоон хоног далайд аялсаны эцэст тэд Мароккын эргээс 150 км-т орших Канарын арал дээр буув. Тэндээ таван хоног саатаж мод, хоол хүнс, ус, дарс нөөцөлж мөн хөлөг онгоцны эвдэрсэн хэсгийг засаж байлаа. Далайн шуурганаас сэргийлж Колумб аялалаа үргэлжлүүлэн баруун зүгт жолоогоо залав. Канарын арлын дараагийн зогсоол бол яах аргагүй Японы арал байх болно хэмээн Колумб бат итгэсээр байлаа. Үүнээс гадна япончуудтай хэрхэн ойлголцох, аливаа зэвсэгт мөргөлдөөн гаргахгүйн тулд тэдэнд өгөх бэлэг хүртэл бэлдэв.

Есдүгээр сарын 16-ны өдөр буюу Канарын арлаас хөдлөөд 10 хоногийн дараа

Багийн нэг гишүүнд урд зүгт хөвж буй олон тооны далайн замаг харагдав. Эхэндээ тэд хуурай газар байна гэж бодсон ч ойртоод ирмэгц энэ нь Саргассо тэнгис байлаа. Өргөнөөрөө 1100 км урт, уртаараа 3200 км урт бөгөөд Америк тивийн эргээс 1600 км хол оршино. Саргассо тэнгис нь Атлантын далайн хойд зүгт оршдог бөгөөд өөрийн гэсэн өвөрмөгц тогтоцтой хэсэг юм. Далайн ширүүн давалгаагүй, салхигүй, нам гүм, бүхэлд нь бүрхсэн далайн замаг нь холоос хуурай газар мэт харагдуулна. Атлантын далайн догшин ширүүн давалгаа, шуурганд сар гаруй аялсан Колумбын багийнхан Саргассо тэнгист хэсэг зуур тайвширлаа. Гэхдээ гурван хоногийн дараа Колумбын гурван хөлөг онгоц бараг зогсонги байдалд оров. Учир нь ямар ч салхигүй, давалгаагүй нам гүм нуур мэт тэнгист хөлөг онгоц урагш явах боломжгүй байлаа. Тэнгисийг тэр чигт нь бүрхсэн замаг нь хөлөг онгоцны хурдыг бүр ч илүү гацаана. Ийнхүү багийн гишүүд Саргассо тэнгисийг бүхэл бүтэн нэг сар болж байж гатлан гарав. Үүнээс болж тэд хоол хүнд, усны хямралд орж багийн зарим гишүүд хүнд өвчинд нирвэгдэж эхэллээ. Пинта хөлөг онгоцны ахмад Марин Пинзон хуурай газар олж харан журмын андууддаа хэл дуулгав. Гэхдээ энэ нь зэрэглээ төдий байлаа. Колумб хуурай газрын зэрэглээнд найдахгүйгээр шувууд ажиглаж залуураа баруун өмнөд зүгт чиглүүлэв.


Аравдугаар сарын 12-ны өдөр

Шөнийн 02:00 цагийн үед Родриго Триана хэмээх Пинто хөлөг онгоцны далайчин хуурай газар олж харлаа. Эхэндээ үүнийг зэрэглээ хэмээн бодож хэсэг зуур чимээгүй байв. Нэг цагийн дараа Пинта хөлөг онгоцны 10-аад далайчин бүгд нэгэн дуугаар “хуурай газар” хэмээн хашгирлаа. Догдолж гайхсан Колумб гэгээ орохыг хүлээхээр шийдэж шөнөжин нойргүй хонов. Гэгээ ормогц Колумбын нүдэнд хуурай газар бодитоор харагдсан юм. Ингээд Колумб бусад хоёр хөлөг онгоцны ахмадтай хамт жижиг завинд сууж эрэг хүртэл сэлүүрдэв. Сэтгэл нь хөөрсөн Колумб өөрийгөө Японы арал буюу Зүүн Өмнөд Азийн энэтхэгүүд дээр ирчихлээ хэмээн бодож байлаа. Аяллын тэмдэглэл хөтөлж байсан далайчинд арал дээр ирсэн он, сар, өдөр, цаг, минутыг дэлгэрэнгүй бич хэмээн тушаав. Хуурай газрын эрэг дээр ирмэгц Колумб “Христийн нэрийн өмнөөс уг ариун арлыг Сан Салвадор хэмээн нэрийдэж өөрийн биег Амбан захирагчаар өргөмжөлсүгэй “ хэмээн дуу алджээ. Энэхүү түүхэн үйл явдлыг 1492 оны 10 дугаар сарын 12-ны баасан гариг, 10:00 цагт хэмээн тэмдэглэжээ. Багийн бүх гишүүд хуурай газар дээр хөл тавьж эргэн тойрноо сайтар ажиглав. Ой мод, жимс, ургамлаар дүүрэн ногоон орчин харагдана. Хэсэг хугацааны дараа гэнэт ой модон дотроос нутгийн уугуул хүмүүс гүйлдэн гарч ирлээ. Ямар ч хувцасгүй нүцгэн шахуу уугуул хүмүүс Колумбын өөдөөс их л сониучхан байдалтай ойртов. Ядарч туйлдсан Колумб ямар нэгэн үйл ойлголцол, мөргөлдөөн үүсгэхийг хүсээгүй бөгөөд тэдэнд улаан малгай, гоёл чимэглэл, толь зэргийг бэлгэнд өглөө. Багийн бусад гишүүд анх удаа уугуул хүмүүсийг харан гайхан зогсоцгооно. Колумбын өгсөн бэлгийг нутгийн уугуул хүмүүс аван хоорондоо булаацалдан байн сонирхоно. Ялангуяа тэд толийг илүү сонирхож байв. Тэд амьдралдаа анх удаа өөрийн төрхийг толинд харж байгаа тохиолдол боллоо. Уугуул иргэд мөн адил тэдэнд бэлэг өгсөн нь даавуу, тоть шувуу болон жимс зэргийг өглөө. Үүнийг харсан далайчид жимс рүү бөөн бөөнөөрөө дайран идэж эхэллээ.

Колумб өөрийн багийн бүрэлдэхүүнд нэгэн орчуулагч авж явсан нь Энэтхэг, төв Азид олон жил амьдарсан номлогч байв. Түүнийг дуудан авчирч нутгийн хүмүүстэй ойлголцуулах гэтэл хэл нэвтрэлцэж өгөхгүй байлаа. Нутгийн уугуул хүмүүс Колумбын бодож байсан шиг энэтхэгүүд биш байсан нь мэдээж. Харин Тайнос хэмээх омгийн уугуул иргэд байжээ. Колумб тэднээс алт эрдэнэс хаана байгааг дохио зангаар асууж ойлгох шаардлагатай болов. Бүхэл өдөржин дохио зангаар ойлголцох гэж оролдсоор хүсээд байгаа алт эрдэнэс баруун өмнөд зүгт орших өөр нэгэн арал дээр байгааг ойлголоо. Ингээд Колумбын удирдсан гурван хөлөг онгоц арлаас хөдөлж алт эрдэнэсээр дүүрэн арлын зүг явав. Гэвч уугуул иргэд нь тийм ч их найрсаг хүмүүс биш байх ажээ.

Энэ бол бүх юмны эхлэл байлаа. Учир нь түүний аялалууд хойноосоо цуст аллага, дотоод зөрчил, бослого үймээн, хулгай дээрэм, өлсгөлөн, дайн тулаан, оргон зугталт гээд маш олон адал явдал дагуулсаар 1504 он хүртэл үргэлжилсэн юм.

Б.Дөлгөөн

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.