Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 аймаг 339 сум, дүүрэгт 1983 сонгуулийн хэсэг байгуулагджээ. Сум дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудас байршуулах 23 500 орчим газрыг тогтоогоод байна.
Сонгуулийн зардлын хэмжээг намууд 6.8 тэрбумаар, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөгт багтаахаар болжээ. Энэ мөнгөө мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийн сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулах гэнэ.
Сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус гэсэн хоёр хэлбэрийн байх аж. Мөнгөн хандивын хэмжээ нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байхаар хуульд заажээ. Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болох бөгөөд иргэний хувьд бэлэн мөнгөөр хандив өгөхийг зөвшөөрсөн байна. Харин хуулийн этгээдийг бэлэн мөнгөөр хандив өгөхийг хуулиар хориглосон. Хуулийн этгээд нь хандиваа дансаар дамжуулж өгөх ба уг хандивыг санхүү, татварын тайланд тусгах юм.
Гадаад улс, гадаадын болон олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд гадаадын иргэн төрийн өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив өгөхийг хуулиар хориглосон. Мөн 18 нас хүрээгүй хүн хандив өгч болохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигч бүртгүүлсэн. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ-ноос энэ сарын 27-нд буюу бямба гарагт гардуулах юм байна. Үнэмлэх гардуулсан өдрөөс саналын хуудсыг хэвлэж эхлэх юм.
С.Гэрэлсүх
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.