Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, хашлага байвал давж, бариул байвал хуга дарж, цоож байвал эвдэж, хаалга байвал савж, хорио байвал холион бантанг нь хутгаж байдаг хэнэггүй монгол хандлага гэж жинхэнэ корона цаашаа юм байна аа. Тэгээд тэрнийгээ шилд гарч адуу хөөгөөд ширвэгдсэн олонд түгээдэг шилийн сайн эрийн амь дүйсэн явдалтай андуурна. Нэг л их оргосон, зугтсан, хулгайгаар гарч, орж чадсан баатрууд. Хөл хорьж байна гээд хүн явуулахгүй пээдэлзээд байхаар нь тэр муу цагдааг тэнэгтүүлж байгаад эрийн сайндаа гараад ирлээ, эмийн сайндаа заргалдаад давлаа л гэлцэнэ. Одоо тэгээд эрийн сайндаа нутаг мордсон эцэг үр хүүхэд гэр орон, нутаг усныхандаа вирус аваачаад өгчихсөн, 200 шахам хүн хавьтагчаар тогтоогоод байгаа нь шилийн хулгайчийн явдал уу, шийдсэн тэнэгийн алхам уу? Зам зуур таарсан, тамхилсан хүмүүс нь бас яасан байх уу? Энэ хөл хориогоо зэрэглэл буулгаад, дундаж төвшнийхнийхөө амьдралыг дугуйлчихалгүй торгоомоор байх юм. Болохгүй юмгүй, бор хэтэвчинд нэмэртэй, эдийн засагт ээлтэй, эх оронд хэрэгтэй. Гэтэл яав. Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж, шүлс байвал үсчүүлж байдаг энэ нэг эвгүй монгол хандлагаас чинь л айгаад төр хүртэл бүсээ бүр чангалаад, хориогоо хоног сунгахаас аргагүй байдалд тулаад байна. Хөл хорио гэдэг чинь тоглоом биш. Байхгүй юмсаа байгаагаар нь орлуулаад, гарах орох хаалгаа мартаад, галаа манаад сууж бай гэсэн тушаал шүү дээ. Гэтэл зүгээр л бэлчээрийн үхэр цаашаа. Өмбүү гэж мөөрөх нь холгүй, май гэж майлах нь холгүй байх юм. Ганц хоногийн өмнө ч гэсэн тархалтыг барьж голомтыг хяналтандаа авч чадвал бүх нийтээрээ хорионоос гарна, бүүдийгээд байгаа эдийн засгаа эрвийх дэрвийхээрээ өөд нь татна. Гэтэл яав? Энд хумиад байдаг, тэндээс нь задлаад хорлоод суух юм. Орсон гарсан газар, уулзсан учирсан хүмүүсийнхээ тухай худлаа мэдүүлнэ, хулгайн зан гаргана. Алах гэж байгаа биш, аваръя л гээд байхад арагшаа зуларна, алдуурч зугтана. Яамаар хорвоо вэ. Архангайн аав хүү хоёр дахиад шинэ голомт үүсгэчихлээ. Зүй нь ковидын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч байтлаа хотоос яаж яваад гарчихав? Их хотын хөл хорио ч бас энүүхэндээ гэхэд эрэмбээрээ ялгарч байна. Яг одоо үнэн байдал гэвэл хотын төвөөрөө хориогоо чандлан дагаж, захын хорооллынхон замбараагүй хөлхөлдөж байна. Энэ мэтийн Монголын өнөөгийн амьжиргааны төвшин, орчин нөхцөл, амьдралын хэв маяг, хэнэггүй монгол хандлага, муухай монгол хүнд тохирсон бүсчилсэн арга хэмжээ, хөл хорионы хэв журам боловсруулж мөрдөхгүй бол энэ янзаараа эхлэл дээрээ эргэлдсээр эцэж унах юм байна. Хандлагаа л өөрчлөхгүй бол хагас жил хоригдоод ч, хатавч хаяагаа хаагаад ч, за бүр бүх хүнээ вакцинд хамруулаад л оюун сэтгэхүйн коронагаа тэгээд хаа хүрэх юм бэ ээ?
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.