Баянхонгор аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд явган хүн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.
Тодруулбал аймгийн иргэдээс түргэвчилсэн оношилгоогоор шинжилгээ хийхэд нэг иргэний хариу сул буюу эерэг гарсан байна. Тиймээс дээрх шинжилгээний хариуг баталгаажуулах хүртэл хугацаанд түр хязгаарлалт хийх захирамж гарчээ.
Тус захирамжинд аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоожээ. Тодруулбал, энэ сарын 25-ны 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд эрчим хүчний, ус хангамжийн, эрүүл мэндийн, банкы төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн, тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын, шүүх, прокурорын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгосон байна.
Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм, эмийн хэрэгсэл түгээлтийн, газрын тос, түлшний хангамжийн автомашинуудыг 09:00-11:00, 19:00-21:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.