Төмөр замд өчигдөр 362 хүнийг шинжилгээнд хамруулав

2020-11-24 Мэдээ, мэдээлэл

УБТЗ-ын хэмжээнд өчигдөр, 11 дүгээр сарын 23-нд 362 хүнийг “COVID-19″-ийн шинжилгээнд хамруулжээ. Энэ талаар УБТЗ ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр төмөр замд ажиллаж буй ЗТХЯ-ны Шуурхай бүлгийн ээлжит хуралдаан дээр мэдээлэв.

Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн, төмөр замын ажилчид олноор амьдардаг 1, 4, 6, 24 дүгээр байрны иргэдээс шинжилгээ авч байна. Мөн тэрээр УБТЗ-д өдөр тутмын 3991 ажлын байр, мэргэжлийн 298 ажлын байрны 20 гаруй мянган ам дөрвөлжин талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн талаар мэдээллээ.

МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал Шуурхай бүлгийн хуралд мөн мэдээлэл хийж, “ЗТХ-ийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албатай 11 зөвлөмжийг чиглэл болгоноор гаргаж, 10 заалттай ажлын төлөвлөгөө, халдваргүйтэлтэй холбоотой 8 заалт бүхий аргачлалыг боловсруулж, системийн хэмжээнд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэн ажиллаж байгаа”-г тайлагнав.

Шуурхай бүлгийн ахлагч, ЗТХ-ийн сайд Л.Халтар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлд төмөр замчидтай хамтран ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагынханд талархаж буйгаа илэрхийлээд УБТЗ-ын хэмжээнд анхаарч ажиллах зарим үйл ажиллагааг үүрэг болгов.

Үүнд:

-Төмөр замын нийт ажилтан, албан хаагчдын судалгаа, тооцоог нарийн чанд гаргаж ажиллахыг УБТЗ-ын удирдлага Хүний нөөцийн албанд онцгой анхааруулах,
-Төмөр замын 11 ажлын байранд 40 ахмад санаачилгаараа ажиллаж эхэлсэнд УБТЗ-ын бүх ахмад ажилтанд яамны удирдлагын зүгээс талархаж байгааг уламжлах,
-Зангилаадын төмөр замын төлөөлөгч нар зангилаа болгон дээр ажиллаж байгаа Ахмадын зөвлөлтэй уялдаа холбоотой байж, төмөр зам дээр ажиллах бололцоотой ахмадуудынхаа судалгааг үргэлжлүүлж хийх,
-Замын-Үүдэд үүсээд байгаа бөөгнөрөл, шилжүүлэн ачилтын зохион байгуулалтад Тээвэр зохион байгуулалтын алба онцгойлон анхаарах,
-“Монголросцветмет” компанийн хангалтад анхаарч, 7 хоногт авдаг тайланг 2 хоног тутамд авдаг болох,
-Дарханаас гадна Улаанбаатар, Сайншандын шугам замын худалдааны төвүүдэд чиглэл өгч, өртөө, зөрлөг, замын хэсгүүдэд хүргэх хүнсний түгээлтэд онцгой анхаарч, мэдээ гаргах,
Таваарын контор болон дамжуулах конторууд дээр ариутгалын аппарат тавьж өгөхдөө давын өмнө хоёр хилийн өртөөний дамжуулах конторт хамгийн түрүүнд ариутгал, агаар чийгшүүлэлтийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглох,

Хоёр хилийн өртөөн дээр бичиг баримтаас арчисын шинжилгээ авч, УБТЗ Эрүүл мэндийн лабораторид чиглэл өгч Улаанбаатар болон бусад газар дээр ОХУ-аас бууж байгаа ачаануудын гадаргуу дээрээс арчдасын шинжилгээг туршилтаар авч дүгнэлт гаргах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.