Буяны компанийн нэрээр хуурамч бичиг үйлдэж 2.6 сая төгрөг залилжээ

2020-11-23 Мэдээ, мэдээлэл

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд “Цахим ажил” гэх хаягаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зар байршуулан, иргэдийг залилж байсан, 35 настай Б, 33 настай У нарын үйлдлийг илрүүллээ. Тухайн этгүүдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны компанийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн, иргэн тус бүрээс 250 мянган төгрөг авдаг байжээ. Одоогийн байдлаар энэ төрлийн 12 гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж. Сэжигтэн Б, У нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байжээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Тухайн этгээдүүд хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зарыг байршуулж, нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэдийг залилан, иргэдээс тус бүр 250 мянган төгрөг авдаг гэдгийг урьдчилсан байдлаар мэдүүлж байна.

Мөн тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1, Эрүүгийн хуулийн 23.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 35 настай иргэн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргийн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн албанд шалгалтын ажил үргэлжилж байна” гэв.

Иймд иргэд та бүхэн УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөрдөж хэрэгжүүлэх, баталгаатай эх сурвалжийн мэдээ мэдээллийг авдаг байх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.