Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын дундуур болно

2017-02-1 Боловсрол

Хэвлэлийн бага хурал

Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр /2017.02.01/ орон даяар эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна. Мөн онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдах аж. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37.500 сурагч төгсч байгаа. Ингэснээр өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд 40 гаруй мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл онлайнаар явагдаж байгаа. Үүний давуу тал нь дэлхийн хаанаас ч бүртгүүлэх боломжтой. Энэ жил бүртгэлийн программ дээр шинэчлэл хийсэн болохыг албаныхан онцолж байв. Тухайлбал, салбарын яамны үндсэн системд төвийнхөө сүлжээг холбосон байна. Ингэснээр тухайн шалгуулагч өөрийн регистрийн дугаарыг оруулснаар хувийн мэдээлэл болон сургуулийн мэдээлэл зэрэг шаардлагатай бүх мэдээллээ авч болох гэнэ.

ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

  • Цахим үнэмлэх
  • Цээж зураг
  • Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
  • И-мэйл хаяг \Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт босго оноогүй

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Гэхдээ тус шалгалт нь босго оноогүй байх аж.

Шалгалт бүр 5800 төгрөгийн хураамжтай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх гэнэ. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй байх гэнэ. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж шалгалт бүр нь 5.800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ажээ. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтыгн “Шалгуулагчийн булан”-гаар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Хэлний хичээлийн сонсох чадварын даалгавар нэмэгджээ

Мөн өнгөрсөн жилээс монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм.

Хариултыг хар болон цэнхэр үзгэн балаар бөглөнө

Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын дундуур болно

Шалгалтын өдрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа гэнэ. Ямартай ч холбогдох албаныхан салбарын яамтай зөвшилцөөд өмнөх жилүүдийн жишгийн дагуу зургадугаар сарын дундуур буюу 10 хоногт зохион байгуулах юм байна.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
  • Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтад байршуулан нийтэд зарлана.

Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгөх ба батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй аж.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.