Орчин үеийн оффшор компаниуд ХХ зууны эхний хагаст гарч ирсэн. “Илүүдэл” мөнгөтэй хүмүүс, супер ашиг олдог компаниуд олсон хөрөнгөө тийшээ нуудаг байв. Олон жилийн турш тэдэнтэй хэн ч тэмцээгүй.
Үүний үр дүнд тэдний сүлжээ дэлхий даяар өргөжсөн. Одоо үед оффшор бүстэй татвараас зайлсхийх сонирхолтой хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу эрх олгох замаар эдийн засагт нэмэлт мөнгө татах гэсэн улс орнууд хүртэл холбогдож буй
1990-ээд оноос эхэлж өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрууд ашиг алдагдахаас болгоомжилж, оффшор компаниудад хяналт тавьж эхэлсэн. Оффшорт хяналт тавьдаг олон улсын байгууллагууд бий болж, шинэ гэрээ хэлэлцээр байгуулж, тэдний шахалтаар улс орнууд хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч асуудлыг бүрэн арилгаж чадаагүй. Татвараас зайлсхийх арга зам улам нарийсаж, боловсронгуй болж байна.
Оффшор бий болсон эхний 60 жилийн хугацаанд тэдэнд олон улсын болон, улсынхаа зүгээс ч бараг ямар ч хяналт тавигдаагүй. (Оффшорын түүх Панамд гадаадын иргэдэд зориулсан тусгай нөхцөлийг нэвтрүүлсэн 1927 оноос эхтэй) 1989 онд “Их долоо”-гийн гишүүн орнуудын шийдвэрээр “Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ боловсруулах бүлэг”-ийг байгуулав.
(“Financial Action Task Force on Money Laundering” буюу FATF) Уг байгууллагын гол үүрэг бол нуусан орлого, хөрөнгийг ил болгох, шударга бус үйлдлийн эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийг нэгтгэх явдал. FATF байгуулагдсан эхний жилүүдэд зохион байгуулсан хурал семинар, олон тооны ажлын хэсгүүдээс нэг их үр дүн гарсангүй. Зөвхөн 2005 онд FATF-ын үндсэн 40 зөвлөмжийг НҮБ-ын бүх гишүүн улс заавал дагаж мөрдөх болжээ.
1996 онд хамгийн өндөр хөгжилтэй 37 орныг багтаасан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) ажлаа эхэлсэн. Уг байгууллага татварыг оновчтой болгох үүднээс гадаадад ашгаа татан авах аргатай тэмцэхээ зарлав.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн ноён нурууг бүрдүүлж, хуулиа бусдаас илүү идэвхтэйгээр тойрч гарахыг хичээдэг учир хатуу арга хэмжээ тогтоохыг оролддог. Хоёр жилийн дараа тус байгууллага тайлангаа гаргаж, дэлхийн хамтын нийгэмлэгийг “доошоо уруудах” -аас татгалзахыг уриалж, оффшор дахь өрсөлдөөн ба ЗСБНХУ, АНУ-ын хүйтэн дайнд харьцуулалт хийжээ.
Мөн 2000 онд 35 улс орон, нутаг дэвсгэрийн эхний “хар жагсаалт”-ыг бэлэн болгов. “Хар жагсаалт”-д орсон улс орнууд татвар төлөөгүй хүмүүсийг орогнуулж, гадаадын эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзаж байсан аж. Тэдэнд сайн дураараа хуулиа өөрчилж, олон улсын стандартыг мөрдөхийг сануулжээ. Гол нөхцөл нь хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэлтэй компаниудын данс, орлогын мэдээлэл, эсвэл гадаадын корпорациудтай холбоотой бүтцийг эзэмшүүлэхийг зөвшөөрөх явдал юм.
Зарим улс болзлыг биелүүлж жагсаалтаас хасагдсан боловч гадаадынханд тааламжтай нөхцөл хадгалагдан үлджээ. Хамтран ажиллахаар тохиролцсон улсуудад Кипр, Мальта, Маврикий, Сан-Марино, Бермуд, Кайманы арлууд орсон байна.
Кипр болон Мальта улсын хувьд эдийн засгийн хөгжлөөс хоцрохгүй тулд, мөн хоёулаа Европын холбоонд элсэхээр бэлтгэж байсан тул OECD-тэй хамтран ажиллахаас аргагүй байв. Дараа нь бусад улс тэдний үлгэр жишээг дагаж “хар жагсаалт”-аас гарсан байна.
Оффшор дэлхийн эдийн засгийн гол бэрхшээлийн нэг болоод удаж байна. Олон улсын санхүүгийн болон хууль сахиулах байгууллагууд оффшортой тэмцэх шинэ аргуудыг гаргаж, татвараас нуусан хөрөнгийг илрүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг.
“Хар жагсаалт”-д багтсан 12 орны аль нэгэнд ногдол ашиг ногдуулах татварын хэмжээг 75 хувь байхаар тогтоосон. Кипрт ногдол ашиг, хүүгээс орлогын албан татвар ногдуулдаггүй боловч эцсийн ашиг хүртэгч этгээдийн олсон мөнгөний 17 хувьд батлан хамгаалахын тусгай шимтгэл ногдуулдаг. Тиймээс оффшор компаниудыг зөрчлөө нуухаас илүү хамгаалах ажилд ашиглах нь ихсэж байна.
Оффшорыг илрүүлэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүй их үүрэгтэй. Хамгийн дуулиантай хэрэг 2016 онд мандсан билээ. Янз бүрийн орны олон арван хэвлэлийн ажилтнууд Панамын “Mossack Fonseca” хуулийн фирмийн мэдээллийг дэлхий нийтэд мэдээлсэн.
“Панамын баримт бичиг” гэж нэрлэсэн дээрх материалуудад өндөр албан тушаалтнууд (төрийн тэргүүнүүд багтсан) болон бизнесийн томчуудын гадаадад нуусан өмч хөрөнгийг ил гаргасан. Ихэнх улс орны хууль тогтоомжоор оффшор бүсэд компанитай байхыг хориглодоггүй. Гэвч өндөр албан тушаалтнууд хөрөнгөө олон нийтээс нууж байсан нь илэрч тэд албан тушаалаасаа огцроход хүрсэн.
УЛС ОРНУУД 2019 ОНД 600 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ АЛДСАН
Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын төсвийн алдагдал 600 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь дэлхийн ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэнэ. Гадаадын хуурамч шууд хөрөнгө оруулалт (хилийн чанад дахь компанийн 10-аас дээш хувийг авах) өссөөр байна.
Тэднийг Люксембург, Нидерланд, Хонконг тэргүүлж буй. Эдгээр улсад 2018 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 38 хувь буюу 15 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Люксембург гэхэд 600 мянган хүн амтай мөртлөө АНУ, БНХАУ-аас ч илүү гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байна.
Хөрөнгө оруулалтын сангууд нь тусгайлан бий болгосон “хуурамч компаниудын” дүрмийн санд төвлөрч, улмаар тэдгээр нь холдинг болж, эргээд улс орон, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийж, ашгаа хуримтлуулдаг. Албан ёсоор хууль тогтоомж зөрчдөггүй боловч корпорациуд болон тэдний эзэд татвараас бултаж, дэлхийн эдийн засагт сүүдрээ тусгаж байна.
Оффшор компаниуд хэдэн арван жилийн хугацаанд хоёрдмол утгатай нэр хүндийг олж авсан. Дэлхийн улс орнуудын засгийн газрууд сан хөмрөгөө дүүргэхийн тулд тэдэнтэй хамтарч болон дангаараа тэмцэж байгаа. 2019 онд оффшор руу мөнгөө татсанаас болж дэлхийн улс орнууд 600 тэрбум ам.доллар алдсан.
М.ХҮСЛЭН
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.