Улаанбаатар-Дархан чиглэлийн засварлаж буй авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. Энэ чиглэлийн 204 км автозамыг 5 багцад хуваан засварын ажлыг хийж байгаа юм.
Одоогийн байдлаар тус замын нэгдүгээр багцын 37 км замыг асфальтаар бүрэн хучаад байна. 3 болон 5 дугаар багцын хучилтыг хүйтэрсэн учир зогсоогоод байна. Харин 2 болон 4 дүгээр багцын 90 гаруй км замын асфальт болон бетон хучилтыг хуулжээ. Ийм байдалтайгаар өмнө нь түр хаагаад байсан замын хөдөлгөөнийг өнөөдөр хэвээр нь нээж байна.
Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ, “2 болон 4 дүгээрх хуучин замын засварыг манай дотоодын АЗЗ-ын компаниуд гүйцэтгэж байна. Ажил бололцооны хэмжээнд явж буйг Автозамын газрын мэргэжилтэн, инженерүүд болон зөвлөх компанийнхан газар дээр нь очиж үзээд хөдөлгөөнийг нээхэд боломжтой байгааг мэдэгдээд байна. Хүйтэрч, хасах хэм рүү орж буй учир замын хучилтыг технологийн дагуу зогсоож буй”-г мэдээллээ.
Дархан-Уул аймгийн төв Дархан хотоос Улаанбаатарын чиглэлд гарч буй зам хуучин трассаар бус, Дарханы араар 20 км тойрч, Хонгорын төвөөр орж ирж байгаа аж. Энэ хэсгийн замыг Европын Сэргээн босоголт, хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй 4 урсгалтай замтай дүйцүүлж нээхээр төлөвлөж тендер зарлажээ. Тендерийн бичиг баримтыг боловсруулж дуусч буйг салбарын сайд хэлж байна. Гэхдээ тендер зарлахтай зэрэгцэн өмнө нь 2 болон 4 дүгээр багцын зам дээр ажиллаж байсан БНХАУ-ын болон бусад гэрээлэгч ААН, компаниудтай хоёр талаасаа тооцоогоо нийлж хаах юм. Гэрээлэгч талын төлөөлөгч нар “COVID-19”-ийн тусгаарлалтаас гарсан учир энэ ажлыг өнөөдөр хийж баталгаажуулж буйг тэрээр мэдээллээ.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өвлийн улиралд 2 болон 4 дүгээр багцын автозамын засварыг үргэлжлүүлэн тогтмол засаж, хяналт тавин ажиллах аж. Улмаар 2021 оны авто замын барилга, засварын ажлыг ирэх оны 3 дугаар сарын 15-наас үргэлжүүлэхээ мэдэгдлээ.
Замыг нээж буйтай холбоотойгоор ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, зохион байгуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын ТЦА-тай хамтран хэрэгжүүлэхийг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, дээрх чиглэлийн авто замаар зорчих улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах, олон нийтэд сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “АТҮТ” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгаад байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.