Г.Одонцэцэг: Удмын генийн мэдээлэл 10 дахь үеэс бүдгэрч эхэлдэг

2020-11-3 Уламжлалт анагаах ухаан


МАНБА ДАЦАН нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Г.ОДОНЦЭЦЭГ-тэй гэр бүл төлөвлөлт болон залуу хосуудад зарим зөвлөмжийг хүргэн ярилцлаа.

-Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосууд бие махбод, сэтгэлзүйн хувьд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?

-Хүний төрөл үр хүүхдийг тээж төрүүлнэ гэдэг маш их буянтай үйл юм. Хорвоогийн жамаар бүгд л гэр бүл болж, үр хүүхэдтэй болно. Мэдээж эцэг эх бүр үр хүүхдээ мэдлэг боловсролтой сайн хүн болгохыг хүсдэг. Үүнтэй зэрэгцээд бие махбод хийгээд сэтгэл санаа, зан төлөвийн хувьд ирээдүйн айлын эхнэр, нөхөр болно гэдгийг ойлгуулж, өөрийн биеэр үлгэрлэх ёстой юм. Нөхөн үржихүйн насанд хүрмэгц өөрийгөө айл гэрийн эр нөхөр, эхнэр болох нь гарцаагүй хэмээн хүн бүр өөрийн бие махбод, сэтгэл санаа, зан төлөвийн хувьд бэлтгэгдсэн байх ёстой. Сүүлийн үед энэ тал дээр залуучууд маань хариуцлагатай ханддаг болсон нь сайн хэрэг. Эмчилгээ хийлгэе, тангаа ууя, биеэ бэлдэж байгаад жилийн дараа жирэмслэхээр төлөвлөсөн гэж ирдэг үйлчлүүлэгчид олон болсон.

– Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Бас аав ч эрүүл байх ёстой гэж боддог. Энэ талаарх бодол бодол ямар байдаг вэ?

– Тэгэлгүй яахав. Эцгийн талаас таван махбодын бүтэц бүхий цагаан дусал, эхийн талаас таван махбодын бүтэц бүхий улаан дусал, энэ хоёр дээр эцэг, эхтэйгээ урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөлд буй сүнс гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч, тэдгээрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Эцэг, эхийн талаас тэрхүү сүнсийг биежүүлэх гол хүчин зүйл болох дусал, цусанд эцэг, эхийн тус бүрийн есөн үеийн өвчин эмгэг, сайн муу үйлийн үрийн барилдлагын бүхий л мэдээллийг агуулсан байна. Нөгөө талаас өөрийн сүнс нь тэргүүлшгүй цагаас хураасан сайн, муу үйлийн мэдээллийг агуулсан байх бөгөөд энэ бүгд нийлээд тухайн хүүхдийн бие махбодын болоод оюун санаа, сэтгэл зүйн төрөлх чанарт голлон нөлөөлнө. Эхийн хэвлийд тогтсон ургийн хөгжлийн явцад анхлан үүсэх амин хийнээс салбарлан долоо хоног бүрээр өөр өөр хий үүсч, түүгээр эд эрхтэнүүд нарийн шат дараалалтай үүсч, хөгжиж үйл ажиллагаанууд нь идэвхждэг. Тийм учраас ээжийн идэж хэрэглэж буй хоол унд нь шим тэжээлтэй, явдал мөр нь зөв, сэтгэл санааны байдал нь төлөв төвшин байх нь чухал байдаг.

-Уламжлалт анагаах ухаанд генийн асуудлыг хэрхэн авч үздэг вэ? Урлагийнхан болоод бөхчүүд удам дагаж төрдөг гэлцдэг шүү дээ.

– Охид аавтайгаа, хөвгүүд ээжийн талыг илүү дуурайсан байх нь олонтаа. Энэ нь арга билгийн талаасаа уламжлалт анагаах ухааны зарим нэг онолтой нийцдэг. Завсрын төрөлд төрлөө хайгаад явж буй сүнс өөрийн эцэг, эх болох хүмүүстэй анхлан барилдахдаа арга, билгийн үүднээс агшин зуурын таатай, таагүй мэдрэмж төрөөд тэрхүү дусал, цусанд нэгдсэнээр амилан бүрэлддэг. Хэрэв эм төрөл авч байгаа бол эцгийн талд таатай, эхийн талд таагүй, эр төрөл авч байгаа бол эхийн талд таатай, эцгийн талд таагүй сэтгэл агшин зуур төрдөг. Тэгэхээр охин бол аавынхаа зан төлөвийг илүү дуурайх, аавдаа илүү ачлалтай, хүү бол ээжийн зан төлөвийг дуурайх, ээждээ илүү энэрэлтэй байх төрөлх чанартай. Тэгээд цааш үргэлжлээд охины хүү нь өвөөгийн зан төлөвийг дуурайх, хүүгийн охин эмээгийн зан төлөвийг дуурайх гэх мэтээр арга, билгийн зохилдлого бий болно. Монголчууд бид есөн үеэ мэддэг байх ёстой тухай ярьдаг даа. Энэ есөн үед тухайн удмынхны генийн мэдээлэл дамжих бөгөөд 10 дахь үеэс бүдгэрч эхэлдэг гэж ярьдаг. Есөн үедээ бие махбодын болоод оюун санаа, үйлийн үрийн сайн муу бүх мэдээллүүд багтдаг байх нь л дээ. Энэхүү удмын мэдээлэл тухайн хүн бүрт нөлөөлөх нь дамжиггүй боловч тухайн сүнсэнд өөрт агуулагдаж буй өөрийнх нь урьд урьдын төрөлдөө үйлдэж хураасан сайн, муу үйлийн үрийн мэдээлэл, мөн энэ төрөлдөө хийсэн, хийж байгаа зөв, буруу, сайн, муу үйлээс хүний амьдралд илүү том нөлөөлөл үзүүлнэ. Тийм ч учраас нэг эцэг, эхээс төрсөн хүүхдүүд өөр өөр зан төлөвтэй, өөр өөр амьдралын замналтай байдаг.

– Уламжлалт анагаах ухааны онолоор, эрүүл мэндийн байдлаас нь авч үзвэл төрөх хамгийн тохиромжтой үе хэдийд вэ?

– Таван махбодоос бүрдэж байгаа энэ биед эхийн хэвлийгээс төрөөд, оршоод, үхэх хүртэл нарийн хэмнэлтэй үйл ажиллагаа явагддаг. Хүний амьдралын хугацааг 100 наслана гэж үзээд 0-16 насыг хүүхэд, 17-70 насыг залуу, 70-100 дээш насын хөгшин, хэрэв 100-с дээш наславал урт настан хэмээнэ. Эмэгтэйчүүдийн хувьд 50 нас хүртэл сарын тэмдэг боловсордог учир, энэ хугацаанд үр тогтоох чадвартай байна. Үндсэн таван хийн үйлдэлтэй уялдуулаад авч үзвэл 10 насанд амь баригч, 20 насанд дээш гүйгч, 30 түгээгч, 40 насанд гал тэгшитгэгч, 50 насанд уруу арилгагч хийн үйл ажиллагаа буурдаг. Эдгээр үндсэн таван хий болон бодисын солилцооны эрч хүч, үйл ажиллагаатай уялдуулаад авч үзвэл 20-40 насанд нөхөн үржихүйн хамгийн тохиромжтой үе гэж үзэж болно. Харин 40 наснаас эхлээд уруу арилгагч хийн үйл ажиллагаа аажмаар буурдаг учраас хүүхэд тээх явцад болон төрсний дараа хийн хямралаас үүдэлтэй янз бүрийн хүндрэл, эмгэг өвчлөл үүсч болзошгүй. Ер нь тухайн гэр бүл хэзээ хүүхэд төрүүлж, өсгөхөө өөрсдийн биеийн эрүүл мэнд, ажил, амьдралын бусад үйл явцтай нарийн уялдаа хамааралтайгаар төлөвлөх нь их чухал юм.

– Хонины тойгны яс мэрээд байвал хөөрхөн хүүхэдтэй болдог гэсэн яриа байдаг. Ер нь жирэмсэн үед тан ууж болох уу?

– Эмэгтэй хүний хэвлийд үр тогтсоноос, төрөх хүртэл үндсэн таван хийн үйл ажиллагаа, тэр дундаа уруу арилгагч хийн үйл ажиллагаа идэвхждэг. Энэхүү үндсэн таван хий идэвхижихийн зэрэгцээ умайд ургийн хөгжлийн эд эрхтэн үүсгэх явцтай уялдаад долоо хоног тутам өвөрмөц үйлдэл бүхий цоо шинэ хийнүүд шат дараатай үүсч байдаг. Тиймээс жирэмсэн үед болон нярайлсны дараа ээжид хийн хямрал үүсэхээс сэргийлж хийг тэнцвэржүүлэх шим, тэжээлтэй хоол унд хэрэглэдэг байсан уламжлалтай. Үүний нэг нь хонины тойгны яс мэрэх арга юм л даа. Хязаалан хонины далны бариул, тойг, ахар сүүлний үзүүр, борвины яс болох шимт дөрөв нь хүний биеийн хийг тэнцвэржүүлэх, шимжүүлдэг шимтэй яснууд юм. Жирэмсэн үед бөөр, зүрх зэрэг хий махбод зонхилон гүйдэг эрхтнүүд болон бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжиж ходоодны шингээх чадварыг сайжруулах, элэг хамгаалах, хий, цусны гүйдлийг дэмжих зорилгоор уламжлалт эм тан хэрэглэх их сайн үр нөлөөтэй байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

“Уламжлалт анагаах ухаан” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.