Шилэн Цогоод ширээ бүү өг

2020-11-3 Мэдээ, мэдээлэл
За энэ шилэн хочит Цогоод л ширээ өгч болдоггүй юм шүү. Ширээнээс гулсаж, сэнтийнээс хаягдахаараа орон даяар олгойгоо цацаад, улс даяар уйлан дуугараад байдаг ийм нөхдүүд энэ ард түмнийг хагалан бутаргаж, хага шидэж, төр удирдаж, түмэн дээр сандайлах нь л дутах юм. Ер нь бол үе үе үнэхээр зөрөөтэй тоон баримтууд гаргаж ирээд, үүнийгээ тойроод маргаад байвал ядаж л зах зээлийн эдийн засгийн анхан шатны суурь ойлголт олон нийтэд бий болж болох л юм даа. Ерөнхий сайд асан М.Энхсайхан иргэддээ эдийн засгийн анхан шатны боловсрол олгох талаар эхлэн дуугараад, замын уртад энэ бодлого хаягдсан байдаг юм. Өрхийн сагс буюу гэр бүлийн төсвөөс эхлээд бид чинь энэ талын ойлголт, боловсрол муутай. Гэтэл үүн дээр нь FM-ийн хөтлөгчөөс дэд сайд хүртэл дэгдээд буусан шилэн Цогоо нараас эхлээд амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн тоглолт хийгээд байвал өнгөрсөн зуун руу өнхөрлөө л гэсэн үг шүү. Жирийн л танил зураглаач маань “Би төрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлдэг аав баймаар байна” гээд заргалдаж байна. Уучлаарай, ийм байхын тулд насныхаа талд суралцаж, гэр бүлээ мартталаа маш сайн менежер, удирдагч байж, ажилчдынхаа цалинг Эрдэнэтийн Бадамсүрэн шиг 40 хувь нэмээд, орон байрыг нь шийдээд, төсөвт нэг их наядыг төвлөрүүлдэг чадвартай байх хэрэгтэй гээд хэлчихвэл барьж идэх байх л даа. Үүний нөгөө талд хэн нэгнээр орлуулах аргагүй инженерээ тухайн байгууллага тэгж урамшуулж, компанидаа тогтоож авч үлдсэн тохиолдол нэг бус бий. Энгийн үгээр хэлбэл сайн хүүхэд асрагчаа авч үлдэж, үр хүүхдээ аюулгүй өсгөхийн тулд асрагчдаа байр бэлэглэж байж гэр бүлдээ багтааж авдаг жишиг ч байгаа шүү дээ. За гэтэл өөрийнхөө цалинг нэмээд, ажилчдынхаа цалинг 20 хувь хасчихдаг СЕО бас байна. Тийм хүнээс хурдхан ангижрах хэрэгтэй. Үүний цаана юу байгаад байна гэхээр хүний хүчин зүйл гэдэг бол үнэлшгүй том ойлголт. Бадамсүрэнгээр удирдуулаад цалингаа 40 хувь нэмүүлээд, нэг их наядын ашиг орлого олох уу, шилэн Цогоод шилжүүлээд компаниараа сөхрөөд, татвар ч төлөх чадваргүй татаад ойчих уу гэсэн асуулт дагалдаж байгаа юм. Захих л юм, шилэн Цогоод ширээ бүү өг. Ширээ өгөхгүй байх тусам албан тушаалын ашиг сонирхолтой, за бас амтыг нь авч араандаа уусгаж явсан энэ хүн илүү олон тоо гаргаж ирнэ. Түүнийг нь тал талаас нь задлаад, яриад, яваандаа ойлгоод явъя зүгээр. Шилэн данснаас нуугаагүй тоонуудыг нухаж ухаад сууж байдаг хүн байх чинь хэрэгтэй хөөе. Харин буруу сэвээд буцаж ухраад байж таарахгүй. Би хүртэл “Хүүхдийнхээ төлбөрийг төрөөр төлүүлдэг ээж баймаар байна” ухааны юм зүүдлэнгээ алдаж сэрээд, арай л далий сэвж дальчийж ухарсангүй. Бичиг цаасан дундаа л эргэлдэж, бэл оюун хоёроо чаддаг хэмжээндээ чардайлгаад явах минь. Мань шилэн Цогоо УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын худалдан авсан Lexus-570 машины тухай анхлан сошиалд сэвж савчихаад, өөрөө тус байгууллагын Ерөнхий хорооны орлогч болонгуутаа нөгөө машинаа гаргуулан авч унасан тухай хэвлэлүүд бичиж л байсан. Хэцүү толгой шүү, хэрүүл тарьж байгаад Эрдэнэтийг самраад эрүүний шөлнөөс цаашгүй болгох вий дээ. Ядаж 2021 онд Эрдэнэтээс 1.0 их наядаас илүү орлого төсөвтөө төвлөрүүлчихмээр л байна шүү. Өө тэгээд бусдыг нь мэдэхгүй ээ, шилэн дансаа шүүгээд ширүүн сэрүүн тоонуудаа гаргаад ир, тойроод маргалд, том тоо болгоныг ядаж энэ эдийн засагчид нь задлаад явах байлгүй дээ. Зам зуур нь хэдэн их наядаар нь бүтээдэг компаниудын дотоод бүтэц, үнэлэмжийн тухай ойлголт мэдлэгээ л нэмээд авъя. Мань мэт нь хэдэн номноосоо хэтэрч чадахгүй л байна. Тэгвэл тэр өнгөрсний бүх өрийг нь төлөөд, хэдэн их наядаар нь орлого олоод, татварт өгөөд, хүмүүсээ сургаад явдаг хүний үнэлэмж бас өөр л байх учиртай. Шилэн Цогоо бид хоёр ширээ сандалд дөрөөлөөд ч дийлэхгүй, чадахгүй. Тэгэхээр байна аа, Бадамсүрэн ирэх онд 2020 оныхоос илүү, 1.5 их наядыг татварт төлөг, чадаж л таарна. Шилэн Цогоо шилэн дансаа ухаг, бас чадна. Бүгд чаддаг чаддагаа хийж, дундаас нь улс хожиг.
Нийтлэлч Р.Эмүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.