Гадаадын иргэн харьяатын газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр “Манай байгууллага нь зориулалтын бус буюу аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагчийн визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлүүд гаргахаас урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, виз олгох асуудлыг цэгцлэх, дотооддоо хяналт, шалгалтаа сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхдээ хуульд заасан бүх л нөхцөлийг хангасан тохиолдолд оруулж ирдэг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа шиг нэг удаад бөөнөөр нь оруулах боломж байхгүй. Ялангуяа, коронавирусийн цар тахлын улмаас зөвхөн Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын иргэдэд ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгож байгаа. Түүнээс хүмүүсийн ярьж байгаа шиг бөөнөөр нь хилээр оруулж байна гэх мэдээлэл ташаа. Бид хуульд заасан үндэслэлээ барьж, ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд хяналтаа тавиад, шалгалтаа хийгээд явж байгаа” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад гадаадын 13715 иргэн ажиллаж, амьдарч байна.
Түүнчлэн манай улсад 306 Вьетнам иргэн амьдардаг. Үүний 206 нь хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр иргэнээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг шалгалтаар илрүүлжээ.
Мөн энэ үеэр Гадаадын иргэн харьяатын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Бэхбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэний татварыг төлүүлж, албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана” гэж ярьсан юм.
Мөн 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэн, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.