Хятад эзэнтэй компаниуд төрийн байгууллагаас шалгалт хийхийг урьдчилан мэдээд, үйлдвэрээ хаасан байжээ

2020-10-12 Мэдээ, мэдээлэл

 

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МЕХГ-аас Эмээлт, Налайх дахь уламжлалт аргаар мал төхөөрч байгаа зургаан үйлдвэр, мах боловсруулах зургаан үйлдвэр, махны төрөлжсөн худалдаа эрхэлж байгаа дөрвөн газарт хяналт шалгалт явуулсан талаарх мэдээллийг хүргэв. Шалгалтаар махны хадгалалт, тээвэрлэлтийн ариун цэврийн чиглэлээр голчлон ажилласан байна.

Шалгалтаар гарсан зөрчлүүдийг тоймловол:

-Хонхорын цагдаагийн постоор 2020 оны аравдугаар сарын 2-ны 00:00 цагт Сүхбаатар аймгаас портер машинаар 87 хонины гулууз махыг зөвхөн Сүхбаатар аймагт хүчинтэй гарал үүслийн гэрчилгээгээр нийслэл рүү тээвэрлэсэн.

-“Дунпан интернэйшнл” компанийн махны үйлдвэрийг Баянхонгор аймгаас ирсэн 680 толгой ямааг хүлээн авсан. Эдгээр ямааг хүлээн авах явцад 17 нь хорогдож, үйлдвэрийн хашаанд сэг нь олон хоносныг хяналтын камераас илрүүлсэн.

-Эмээлт дэх амьд малын захын хажууд мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон.

-Эмээлт дэх амьд малын захын хажууд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй газарт мал төхөөрч байгаа газруудыг илрүүлж, холбогдох арга хэмжээ авсан.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Холбогдох иргэд, аж ахуйн нэгжээс нэг кг хонины мах 2600 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч хэрэглэгчийн гар дээр 8000 төгрөгөөр зарагдаж байна. Өөрөөр хэлбэл, махны 5-6 шат дамжлагыг дамжиж, кг тутамд 2500-3500 төгрөг автоматаар нэмэгдэж, иргэдэд худалдаалагдаж байна. Мөн хятад эзэнтэй мах бэлтгэдэг компаниудад шалгалт хийхээр очиход ихэнх нь төрийн байгууллагаас шалгалт хийх гэж байгаа мэдээлэл авч, үйлдвэрээ хаасан байсан” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.