Монгол Улсын филармони /МУФ/ 49 дэх жилийн үзвэрээ Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор нээнэ.
Үзвэрийн жилийн нээлт гэдэг бол тухайн жилийнхээ нүүр царай болох учиртай. Энэ ч утгаараа тус тоглолтын бэлтгэл ажлыг хангахад уран бүтээлчид бүгдээрээ хичээж ажилласан гэдгийг Улсын филармоны захирал, СТА С.Баттулга өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тоглолт энэ бямба гарагт буюу 9 дүгээр сарын 26-ны 18 цагт Улсын Филармоны концертын танхимд болох юм. Тус тоглолтод МУФ-ны гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, СТА Н.Наранбаатар, СТА дуучин Ц.Хулан, МУФ-ны гоцлол дуучин, туслах найруулагч, СТА Б.Дэлгэрбаяр оролцох ба урилгаар Поп Дива С.Сэрчмаа мөн дуучин Ж.Солонго, Х.Болормаа нарын уран бүтээлч оролцох юм байна.
Соёлын яамнаас 250 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, филормоны хөгжмийн зэмсгийг бүрэн шинэчилжээ. Мөн “Баян Монгол” чуулга 50 жилийнхээ ойн хүрээнд монгол уран бүтээлийн цомог гаргасан байна. Энэхүү цомогт орсон уран бүтээлээс Монголын хөгжмийн зохиолчдын болон монгол ардын дууны шилмэл бүтээлийг шилж авч, шинэчилсэн найруулгатайгаар “Ганган Дагшаа” тоглолтоор дамжуулан үзэгч сонсогчиддоо хүргэх ажээ.
Тоглолтын тухай МУФ-ын гоцлол дуучин, СТА Б.Дэлгэрбаяраас тодруулахад “Өмнөх жилийн үзвэрийн нээлтийг “Симфони найрал хөгжим” нээж байсан. Энэ удаагийн тоглолтыг Төрийн шагналт “Баян Монгол” чуулга нээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн авч байна. Монгол уламжлалт шинж чанарыг тоглолтдоо шингээсэн бөгөөд олны сэтгэлд хоногшсон 60, 70-аад оны монгол дуу болон ардын дууг шинэчилсэн найруулгаар хүргэхээр зорьж байна” хэмээлээ.
Хэвлэлийн хуралд МУФ-ны уран сайхны удирдаач СТА Д.Түвшинсайхан, ерөнхий удирдаач СТА Д.Нямдаш, ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт МУГЗ С.Сүхбаатар, Баянмонгол чуулгын удирдаач СТА С.Саруул-Од, туслах найруулагч СТА Б.Дэлгэрбаяр нар оролцлоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.