“Хадаан” чанараараа М.А.С, “Make up Forever” зэрэг брэндтэй эн зэрэгцсэн

2018-03-9 Made in Mongolia

Монголчууд олон улсын бизнесийн тавцанд бараа бүтээгдэхүүнээ гаргаж, өрсөлдөхүйц хэмжээнд байр сууриа олж буй нь тун сайшаалтай.   Тэр дундаа АНУ, Австрали, Япон, Солонгос, Герман, Сингапур зэрэг оронд монгол залуусын оюуны болон хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээ хэдийн нэвтэрч, өдрөөс өдөрт өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж буй юм.

Энэ удаад “Business Times” сонин “Монгол брэнд” буландаа АНУ-д үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй “Хадаан” брэндийг танилцуулж байна. Бүтээгдэхүүний чанар, хэлбэр хийц, шилдэг маркетингийн туршлагыг нэвтрүүлж, шинэлэг төрхөөрөө гадаад дотоодын бүсгүйчүүдийн талархлыг хүлээгээд буй уг гоо сайхны бүтээгдэхүүний онцлогоос танилцуулъя.

 -Хадаан брэнд таны бодол санаанд анх хэзээ биеллээ олсон бэ?

-Би  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүл зүйн ангийг амжилттай дүүргэсэн. Гэхдээ сэтгүүлч мэргэжлээр нэг их ажиллаагүй. Оюутан байхаасаа л бизнес, маркетинг, бүтээгдэхүүн борлуулалтын чиглэлд сонирхолтой байлаа. Өөрөө их эмзэг арьстай болохоор гоо сайхны бүтээгдэхүүнд нэлээд ач холбогдол өгдөг. АНУ-д ирээд арьсны мэргэжлийн эмчид хандахад намайг аль болох химийн найрлагаас татгалзаж, эмзэг арьсандаа тохирсон байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн. Эмч маань “Олонд нэг их танигдаагүй ч лабораторид үйлдвэрлэдэг, орц найрлага сайтай, цөөн ширхэгээр гардаг бүтээгдэхүүн манайд бий, судлаад үзээрэй” гэсэн юм. Эмзэг арьстай хүмүүст зориулсан органик бүтээгдэхүүн зах зээлд цөөн болохоор хувийн лабораторид байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төрж, “Хадаан” брэндийг үндэслэсэн юм. Монгол эмэгтэйчүүд гадаадад үйлдвэрлэсэн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг. Гэвч эдгээр нь өндөр үнэтэй байхаас гадна их хэмжээний химийн найрлагатай байдаг.

  

– “Хадаан” брэндийн бусдаас ялгарах онцлог давуу тал  юу вэ?

-Ихэнх хэрэглэгч өөрсдийн боломж, санхүүгийн байдалдаа тааруулан сонголт хийдэг. Иймд хэт үнэтэй байхыг чухалчлаагүй. Харин боломжийн үнэтэй байгаад чанарыг барьж ажиллавал болмоор юм шиг санагдсан. Энэ нь манай брэндийн бусдаас ялгарах онцлог юм.

-Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн гаргахын тулд хэр удаан судалгаа хийсэн бэ?

-“Хадаан” брэндийг гаргахад 2 жил гаруй хугацаа шаардсан бөгөөд ойрын танилуудаасаа 10 хүнийг сонгож аваад бүтээгдэхүүний дээжээс хэрэглүүлж, туршилт хийсэн. Туршилтад хамрагдсан эмэгтэйчүүдийн арьс маш гоё болж байсан. АНУ-д органик гоо сайхны лаборатори нэг ширхэг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүтээгдэхүүн тус бүрээс дор хаяж 10 мянган ширхэгийг үйлдвэрлэхийг шаарддаг. Энэ шаардлагыг давж гарч, бүтээгдэхүүнээ зах зээлд таниулахад багагүй хугацаа нэмж зарцуулсан.

-Яагаад “Хадаан” гэж нэрлэсэн талаараа сонирхуулаач?

-Брэндэд тохирох нэр өгнө гэдэг амаргүй юм билээ. Үндэсний онцлогийг хадгалахын тулд монгол нэр байх ёстой гэж бодож, янз бүрийн түүхэн нэр судалсан. Зарим нь англиар өөр дуудлагатай болчихоод байсан. Харин “Хадаан” нэр монгол, англиар ижил уншигддаг, хэлэхэд эвтэйхэн, бас түүхэн нэр гэдэг шаардлагыг маань хангасан учир сонгосон.

-“Хадаан” брэнд хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?

-Манайх дан ганц гоо сайхны будаг шунх хийдэггүй. Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэхийг зорьсон. Нийтдээ 10 гаруй төрлийн 50 гаруй нэрийн бүтээгдэхүүн гаргаж байна. Арьс арчилгааны нэг иж бүрдэл дотроо 6-8 төрлийн бүтээгдэхүүн агуулж байгаа. АНУ болон дотоодын зах зээлд гаргаж байгаа. Хэрэглэгчид маань ам сайтай байгаа нь бидэнд урам өгдөг.

-Та бүхний хэрэглэгчээ татах маркетинг их сонирхолтой санагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа цацуулахаас илүүтэй хүмүүст бүтээгдэхүүнээ өгч, хэрэглүүлж, санаа оноог нь авахын давуу тал юу вэ?

-“Мянга сонсохоор нэг үз” гэдэг шүү дээ. Монгол бүсгүйчүүд шаардлага өндөртэй учраас Америк, Монголын цаг уурын аль ч нөхцөлд зохицох байдлаар бүтээсэн. Дотоод гадаадын загварын арга хэмжээ, нүүр будалтын уралдаан, мэйк-ап мэргэжилтнүүдэд өгч хэрэглүүлж, үйл явцаа сошиал сүлжээгээр цацдаг. Ингэснээр нүүрээ будуулж байгаа үйлчлүүлэгч “Энэ яасан гоё бүтээгдэхүүн бэ, хаанаас авсан юм. Би худалдан авах боломжтой юу, “Хадаан” гэж юу вэ” гэх зэргээр асууж, сурагладаг. Энэ нь аль нэг телевизийн сувгаар, эсвэл сэтгүүлийн хуудаснаас харснаас давуу юм л даа.

– “Хадаан” брэндийн цаашдын зорилго юу вэ?

Монголынхоо зах зээлийг монгол брэндээрээ бүрэн хангадаг болно. Магадгүй 5 жилийн дараа гэхэд “Хадаан” брэнд Монголдоо салбар дэлгүүрүүдтэй болж, охид бүсгүйчүүд маань гадаадын биш дотоодын бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг, түүндээ сэтгэл хангалуун байгаасай гэж хүсч байна.

-Бараа бүтээгдэхүүнээ АНУ болон гадаадын зах зээлд гаргах эрмэлзэлтэй үндэсний үйлдвэрлэгчдэд хандаж юу зөвлөх вэ?

-Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд хамгийн түрүүнд олон улсад мөрдөгддөг стандартуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн хэрэглээний үр дүнг дээшлүүлэхэд судалгаа чухал гэж бодож байна. Ер нь олон улсад “Customer Service” буюу хэрэглэгчид үйлчлэх үйлчилгээг мөрдөж ажилладаг. Гэтэл Монголд “Зарагдсан барааг буцаахгүй” гээд хадчихдаг. Хэрэв үнэхээр тухайн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд таалагдахгүй, эдийн засгийн хохирол үзүүлбэл буцаан мөнгийг олгодог үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ нь итгэлцэл төрүүлнэ, бас сэтгэл ханамж бий болгоно, ер нь бол эргэх холбоо, хариуцлага үүсгэдэг.

– Ярилцсанд баярлалаа.                                                                         

           

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.