УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэлсэн. Улсын хэмжээнд 29 тойрогт санал авах 2070 байр ажиллаж байна.
Ээлжит сонгуулийн явц, иргэдийн идэвхийн талаар УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойргийн 14 дүгээр хэсгийн хорооны дарга Б.Бадамхандаас тодруулахад, “27 дугаар тойрогт нийт 23 хүн улс төрийн нам, эвслээс болон бие даан нэр дэвшиж байгаа. Манай хэсгийн хорооны сонгогчийн нэрсийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 37 хорооны 1671 иргэн бүртгэгдсэн. Хэсгийн хороонд үндсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Мөн даамал, онцгой байдал, цагдаа, замын цагдаагийн албан хаагчтай нийлээд 18 хүн ажиллаж байгаа. Нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийн 22 ажиглагч ажиллаж байна. Санал авах байранд биечлэн ирэх боломжгүй 2 иргэний саналыг өчигдөр буюу энэ сарын 23-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч, өглөө 07.00 цагт санал тоолох төхөөрөмжид уншуулсан” гэлээ.
Засгийн газар, УОК-оос “COVID-19”-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган нэг удаагийн бээлий олгож буй юм. Саналын хуудас бөглөх ширээ, ажиглагч нарын суудал болон хэсгийн хорооны ажилтнуудын хоорондын зайг 1.5 метр байхаар зохицуулжээ. Халдвараас сэргийлэх үүднээс иргэдийн хэрэглэсэн бээлийг цуглуулж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях тул саналаа өгөөд гарч буй иргэн бээлийгээ үүдний дэргэд байрлах хогийн саванд хийх аж. Мөн дээрх журмын хүрээнд санал өгөх байранд хүүхэд дагуулж ирэхийг хориглож байгааг хэсгийн хороонынхон анхааруулаад, иргэдийг УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгөхийг уриаллаа.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.