УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-нд хүсэлт хүргүүллээ

2020-06-21 Парламент

УИХ-ын дэд дарга бөгөөд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан энэ сарын 20-ны өдөр Олон Улсын Парламентын холбоонд хандаж хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлтэд,

“ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл, гомдлыг хянан шалгах, шийдвэрлэх дүрмийн дагуу Та бүхний анхаарлыг нэгэн ноцтой бөгөөд яаралтай асуудалд хандуулахаар энэхүү захидлыг бичиж байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр болох бөгөөд сонгуулийн компанит ажил албан ёсоор явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2012, 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгаа нь хэвээр хадгалагдаж байгаа гишүүн болно. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт гэрээс нь албадан баривчилж, урьдчилан хорих төвд хориод байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болох бөгөөд сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн улстөржсөн үйлдэл гэж хардаж болохоор байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан байдаг.

2.Улсын Их Хурлын гишүүнийг цагдан хорих, таслан сэргийлэх, арга хэмжээ авах зайлшгүй үндэслэл байгаа гэж үзвэл Улсын Ерөнхий прокурор хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлж, холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг журамтай. Гэтэл Ж.Эрдэнэбатыг УИХ-аар бүрэн эрх, халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэлгүй, түдгэлзэх саналыг Улсын Ерөнхий прокуророос ирүүлээгүй байхад баривчлан хориод байна.

3.УИХ-д сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэгдсэн нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу халдашгүй эрхтэй байдаг. Хэрэв нэр дэвшигчийг баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэх бол СЕХ-оос зөвшөөрөл авсан байх хуулийн зохицуулалттай. Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг баривчлах талаар СЕХ-оос зөвшөөрөл аваагүй, ийм хүсэлт ирүүлээгүй байна.

4.УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэхгүйгээр баривчлан хорьсон нь Монгол Улсын Их Хурал байгуулагдсанаас хойш анх удаа гарч буй үйлдэл юм.

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар 2017 оны есдүгээр сар хүртэл ажилласан. Түүнийг Засгийн газрын хуралдаанаар буюу хамтын зарчмаар шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан буруутгаж байгаа юм.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг алдагдуулах жишиг тогтоох эрсдэлтэй байна. Түүнийг хууль бусаар баривчлан хорьсон нь иргэдийн төр барих, сонгох болон чөлөөт ардчилсан сонгууль явуулах эрхэнд халдах замаар ардчиллын суурь баганыг ганхуулах оролдлого юм.

Та бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулж, ОУПХ-ны дүрэм болон бусад эрхзүйн актуудад заагдсан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг хүсье.

Хүндэтгэсэн,

Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалан” гэжээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.