Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15. Энэ өдрийг Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйгээ төгс гэгээрсэн Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхацсан билэгт сайн өдөр эрхэмлэн үздэг. Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан түүхтэй гэдэг. Харин 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.
Мөн Дүйчэн өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
Энэ өдөр маанийг 1 удаа уншсаны буян нь 3 дүнчүүр болж арвиждаг хэмээн үздэг. Бурхны шашинт Азийн бүх улс, Европын холбооны улсууд, Австрали тивд энэхүү өдрийг “Будда Весак”, “Сакадава”, “Будда Пурнима” гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монголчуудын хувьд 1990 оноос хойш “Бурхан Багшийн Их дүйчэн өдөр” нэрэн дор энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор 30 дахь жилдээ тэмдэглэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.