Жаран жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгуулав

2020-05-22 Гадаад харилцаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Нийслэлийн ЗДТГ, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа.

Гадаад харилцааны сайд хэлсэн үгэндээ 60 жилийн тэртээ эхлүүлсэн манай хоёр орны найрамдал батжин бэхжиж ирснийг тэмдэглээд энэ нөхөрлөлийн тод илэрхийлэл болсон мод тарих бүтээлч үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар оролцож үг хэлэв. Мөн Монгол, Кубын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хамба лам Ч.Дамбажав, хоёр орны хамтын ажиллагааны баганыг түшилцэж, түүхийг бичилцсэн үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатууд, Кубад суралцаж төгссөн 180 орчим оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж бэлэгдлийн 60 мод суулгав.

Манай улс Латин Америк тивийн орнуудаас хамгийн түрүүнд Куба улстай дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.