Нам, эвслүүд УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулж дуусчээ

2020-05-18 Мэдээ мэдээлэл

Нам, эвслүүд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Энэ удаагийн сонгуульд нийт 15 нас, 4 эвсэл, 208 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

МАН-ын удирдлагууд одоогийн УИХ-аас 20 гаруй хүнийг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Тэднийг бага хурлын гишүүнээс хасч, шинээр дэвшүүлэх 21 хүний нэрийг оруулж ирсэн юм. Ингэснээр МАН-аас 42 УИХ-ын гишүүн дэвшиж, үлдсэн 34 нь шинэ хүн байх юм байна.
Харин АН-ын хувьд хэд хэдэн хүмүүсийг намдаа урвуулан мандат олгосон юм. Нэр дэвшигчдийн 71,4 хувь нь шинэ хүмүүс гэдгийг намын удирдлагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч тус намын удирдлагууд сонголт хийхдээ мэдлэг чадвартай олон залуусаа түлхэж, зөвхөн сонгуульдаа зарцуулах мөнгөө босгох гэж улайрч байгааг шүүмжилсэн яриа цахим орчинд түглээ. Энэ нь нэр дэвшихийн тулд өгсөн 400 орчим сая төгрөгтэй холбоотой гэжээ.
ШИНЭ намын хувьд өнгөрсөн долоо хоногт хамгийн түрүүнд нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд ШИНЭ эвслийн тухайд сонгуульд сойх хүмүүсээ хуулийн хугацаандаа багтааж танилцууллаа. ШИНЭ эвслээс нийт нэр дэвшигчдийг цолоор нь ангилбал, 2 профессор, 8 доктор, 28 магистр байна.

Эвслээс нэр дэвшигчидтэй холбогдуулан судалгаа хийсэн байна. Нийт 700 гаруй нэр дэвшигчийн дунд 100 гаруй яллагдагч, оффшор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, их хэмжээний өртэй, арилжааны хэд хэдэн банкийг дампууруулсан нөхөд нэр дэвшиж байгааг хараад харамсаж байгаагаа ШИНЭ эвслийн тэргүүн илэрхийллээ.
Та бидний эвслээс нэр дэвших эрхээ хэдэн удаа “чөдөрлүүлсэн” Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Баянгол дүүрэгт АН-ын дарга С.Эрдэнэтэй учраа тааруулжээ. Тэд олон удаа энэ дүүрэгт халз үзэж байсан юм. Н.Энхбаярыг сонгочих эмээ, өвөө нар Баянголд нэлээн жин дардаг гэдэг. Ингээд 10-аад жилийн дараа дахин нэг тойрогт өрсөлдөхөөр боллоо. Харин хүү Э.Батшугараа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлжээ.
Зөв хүн электоратаас 60 хүнийг нэр дэвшүүлэхээр тодруулсны 27 хувь нь эмэгтэй юм байна.
Энэ удаагийн сонгуульд тойрог, намаа сольж өрсөлдөх хүмүүсийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүлсэн. Тэрбээр Орхон аймагт нэр дэвших гэнэ. Түүний талаар эрдэнэтчүүд Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар эзэмшихийг дэмжсэн, бидний эрх ашгийг хамгаалаагүй хэмээн ам муутай байна. Харин Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Жавхлан өмнө нь өвдөг шороодсон Увс аймагтаа АН-аас нэр дэвших мандатаа авчээ. Чингэлтэйд АН-аас нэр дэвшиж байсан Б.Батбаатар Та бидний эвслээс МАХН-ыг төлөөлж тус тойрогтоо дэвшихээр болжээ.
С.Жавхлантай өрсөлдөөд унасан П.Анужин энэ удаа Сонгинохайрхан дүүрэгт мандат өвөртөлсөн бол Гадаад харилцааны дэд сайд, номны тендер хамдаг гэх Б.Батцэцэг Баянхонгор аймагт нэр дэвших гэнэ.

Дашрамд дурьдахад, СЕХ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 17-21-ний хооронд хүлээн авна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.