Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд мөнгөн тэтгэмж болгоно

2020-05-15 Мэдээ, мэдээлэл

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож буй. Өнгөрөгч сарын дүнгээр 1 сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна.

Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ. Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэлээ.

Дашрамд дуулгахад, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.