Солонгосын түүхэн дэх хамгийн олон өрсөлдөгчтэй Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно

2017-05-9 Ертөнц

Өмнөд Солонгос өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн нь ээлжит бус сонгууль юм. Учир нь өмнөх Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ авлига, албан тушаалын хэргээр шалгагдан огцорсон. Тэрбээр одоо саатуулагдаад байгаа бөгөөд шүүх хэргийг хянаж байгаа.

Өнөөдрийн сонгууль нь Өмнөд Солонгосын хувьд маш олон зүйлийг шийднэ хэмээн ажиглагчид үзэж байгаа. Үүнд, сонгогчдын идэвх өмнө хожид байгаагүйгээр өндөр байх магадлалтай байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн урьдчилсан санал хураалтын байдлыг харахад хэдийнээ 10 сая хүн саналаа өгөөд байгаа нь нийт сонгогчдын 20 гаруй хувь юм. Ардчиллын 30 жилийн түүхтэй Өмнөд Солонгосын хувьд ард иргэд нь хэзээ ч энэ удаагийнх шиг улс төрийн өндөр идэвхтэй байгаагүй аж. Өмнөх Ерөнхийлөгчийн Пак Гын Хэг дэмжсэн болон эсэргүүцсэн хөдөлгөөн улс даяар өрнөөд хагас жил болж, олон нийтийн санаа бодол хоёр хуваагдсан байгаа.

Лаатай жагсаал гэж нэрлэсэн авлигач албан тушаалтнуудыг эсэргүүцсэн жагсаал тодорхой давтамжтайгаар болсоор байна. Мөн Ерөнхийлөгч Пакыг дэмжсэн хэсэг одоо болтол Сөүлийн төв хэсэг майхантай суусаар байгаа юм.

Ээлжит бус сонгуульд 15 хүн нэрээ дэвшүүлсэн нь Солонгосын түүхэн дэх хамгийн олон өрсөлдөгчтэй сонгууль болсон. 1960 болон 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр 12 хүн нэр дэвшиж байсан аж.

Хэдийгээр 15 нэр дэвшигч байгаа ч гол өрсөлдөөн өмнө нь сөрөг хүчний удирдагч байсан, одоо эрх баригч “Тобуро” намын тэргүүн, хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчилсан намын Мун Жэй Ин, барууны үзэл баримтлалтай Хон Жун Хёг /солонгосчууд “Солонгосын Трамп” хэмээн нэрлээд буй/, Ард түмний намын Ан Чол Су нарын дунд явагдана гэж үзэж байгаа юм.

Г.Пүрэвсүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.