Холбогдох албадаас цаг үеийн асуудлаар мэдээллээ

2020-04-23 Мэдээ, мэдээлэл

 

 

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.

Мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хаврын хуурайшилттай холбоотойгоор өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх Нийслэлийн Засаг даргын А/484 захирамж гарсан. Эл захирамжийн дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн алба хамтран өдөр бүр 10.00-20.00 цаг хүртэл нийслэл орчмын ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна. 25 албан хаагч 5 автомашинаар эргүүл хяналтыг хийж байна.

Нийслэлийн цагдаагийн газраас 17 удаагийн гал түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг тогтоож, хэрэг бүртгэл нээсэн.  11 хүнд Зөрчлийн хуулийн дагуу 1.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, өнжмөл өвс шатааж, иргэд олон нийтэд хохирол учруулсан 14 хүнд 1.4 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Мөн Чингэлтэй дүүргийн Зүрх уулын дээд, доод хэсэг, Хан-Уул дүүргийн Бумбатын ам, Чулуутын ам, Сонгинохайрхан дүүргийн Баруун болон Зүүн салаат зэрэг 4 газарт явуулын хөдөлгөөнт хаалт хийж, нийт 6 байршилд хөдөлгөөнийг хязгаарласан.

Нийслэлийн Байгаль орчны газраас 25 байршилд сэрэмжлүүлэх самбар, тэмдэг, тэмдэглэгээний судалгааг шинээр гаргаж, сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулж байна. Иргэд сайн дураараа байгалиа хамгаалж, урамшуулал авдаг. Ойн тухай хуулийн дагуу 64 иргэн сайн дураараа ажиллаж байна.

Давхардсан тоогоор 1200 орчим албан хаагч 224 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд өнжмөл өвсний 17 түймэр гарсанаас 13 удаагийн түймрийг хяналт шалгалтын явцад илрүүлэн унтрааж, холбогдох хуулиудыг зөрчсөн 25 хүнд 2.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэнийг буулгаж, ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлж ажилласан.

Хөдөлгөөнт эргүүлийг нийслэлийн ногоон бүсэд зохион байгуулсаны үр дүнд өнгөрсөн оны мөн үеийн 7 хоногтой харьцуулахад өнжмөл өвсний гал түймэр өмнөх оныхоос 32 хувиар буурсан байна.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хууль дүрмээ баримталж ажиллавал ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан. Энэ дагуу өчигдөр 21.00 цагаас бямба гарагийн 06.00 цаг хүртэл хаагаад байна. Өчигдрийн байдлаар 9 товчоогоор хүндэтгэн үзэх шалтгаантай, гарцаагүй байдлын улмаас 610 хүсэлт ирсэний дагуу 102 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт:

–          Эрүүл мэнд

–          Ар гэрийн гачигдал буюу буяны ажил

–          Зайлшгүй шаардлагатай албан томилолт орж байгаа” гэлээ.

Мөн НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020.04.22-ны байдлаар халдварын улмаас 2.5 сая хүн өвчилж, 177.619 хүн нас бараад байна. Халдварын тархалт 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй. Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа нь АНУ, Итали, Герман, Испани, Франц, Их Британи, Турк байна.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 2 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 35 болсон. 35 тохиолдлоос 8 хүн эдгэрч гарсан. Бусад нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Ажиглалтад 01 сарын 09-нөөс хойш  5193 хүн орсон. Өнөөдрийн байдлаар 1222 хүн ажиглалтын байранд байна.

Хяналтын 9 цэг дээр 101 төрийн албан хаагч танадалтын үйл ажиллагаа хийж байна. Эдгээр албан хаагчид нийслэл рүү орох, гарах хөдөлгөөн дээр танадалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиладаг.

2020.04.23-ны 08.00 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 2387, гарсан 2399, нийт 4786 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Мөн орсон 6082, гарсан 5807 нийт 11.889 зорчигч хяналт, танадалтад хамрагдсан байна. Энэ үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллээр 1 галт тэрэг 46 зорчигч, 12 нислэг 884 зорчигч хяналт танадалтад хамрагдсан. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд эргүүлүүд нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. Нийт 1043 төрийн албан хаагч 354 чиглэлд эргүүл хийж 951 зөрчил илрүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 514 байна. Хяналт танадалтаас гарсан 1565, хаяг тодруулахаар дүүргийн штабад нэрийг нь хүргүүлсэн одоогоор байхгүй. Тусгаарлалтын хугацаа сунгагдсан 1, орон нутаг болон дүүрэг хооронд  шилжсэн 391 хүн байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.