Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайд Прают Чан-О-Чад бараалхав

2020-04-20 Гадаад харилцаа


Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 гаруй жил ажиллахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэв. Мөн тэрээр 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, Монгол Улсад айлчилснаа халуун дотноор дурсан ярив.

Түүнчлэн Тайландын Ерөнхий сайд КОВИД-19 халдварт өвчний тархалтыг урьдчилан сэргийлж, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд нөхцөл байдал тогтворжсоны дараа хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэг сэргэж иргэд хоорондын солилцоо өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хаант Улсын Засгийн газраас түүнд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааны өнөөдрийн байдлын талаар товч танилцуулав. Тухайлбал, хоёр тал Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулснаас гадна Улаанбаатар, Бангкок хотууд ах дүүгийн харилцаатай хотууд болсныг онцлов.

Мөн уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Ерөнхий сайд Прают Чан-о-чагийн удирдлага дор Тайландын Хаант Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлыг тогтоон барих чиглэлээр авч буй оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд сүүлийн өдрүүдэд уг өвчний тархалт тогтворжиж буурах хандлагатай болж байгааг тэмдэглэв. Хоёр улс цар тахлыг ойрын хугацаанд тогтоон барьж, ялах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.