МХЕГ: Гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 иргэнийг торгоод байна

2020-04-10 Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын улсын ахлах байцаагч н.Оюунбилэг болон бусад албаны хүмүүс оролцов.

COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд 500 гаруй улсын байцаагч, 24 цагаар шуурхай штаб ажиллаж буй аж. Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргын гаргасан А/46 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжилтийн дагуу нийт 7,976 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьсан байна. Нийт 306,255 метр квадрат талбай бүхий халдваргүйжүүлэлт хийхэд НМХГ хяналт тавьж ажиллажээ.  

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэн, хог хаягдлаар орчноо бохирдуулсан, хогоо зориулалтын бус газар хаясан 16 ААН, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан.

ААНБ-ууд үйлчлүүлэгчдэдээ үнэгүй ариун цэврийн өрөөг ашиглуулах ёстой гэж заасан байдаг. Үүнд хяналт тавьж нийт 67 газар, худалдааны төв иргэдэд төлбөртэй үйлчилж байсныг илрүүлсэн. Мөн гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 иргэнд 3 сая 160 мянган төгрөгөөр торгосон. Үүнээс гадна шашны байгууллагуудад хамтарсан хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 48 байгууллага дээр хамтарсан хяналт шалгалт хийж явна.

ААНБ-ууд коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа хариуцлагагүй байна. Хариуцлагатай байж ариутгал халдваргүйтгэл хийлгэхийг хүсэж байна” гэв.

Мөн үйл ажиллагаагаа зогсоон, согтууруулах ундаагаар үйлчилдэг 4,289 үйлчилгээний газарт хяналт тавин, тушаалын дагуу цаг баримталж, стандарт хангаж буй эсэхийг шалгасан байна. Тодруулбал, цаг хэтрүүлсэн 7 зөрчил, төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй 2 зөрчил, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11 зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн нийт 11 ААН-д 14 сая 270 мянган төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлэн ажиллажээ. Учир нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан баар, карокены үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоосон байгаа юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.