УБТЗ нийгэмлэг 15 мянга 900 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 10 мянга гаруй нь хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн албанд ажилладаг бол үлдсэн нь нийгмийн салбар буюу барилга, сургууль, цэцэрлэгт ажилладаг гэдгийг УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж хэллээ.
Тэрбээр энэ тухай “Хөл хориотой энэ үед манай нийгэмлэг ажлын цагийг богиносгох, цалинтай, цалингүй чөлөө олгох, алсын зайнаас ажиллуулах зэрэгт анхаарч байна. УБТЗ-ын 1200 орчим ажилтан богиносгосон цагаар ажиллаж байгаа. Замын даргын шийдвэрээр ээлжийн амралтын хоорондын зай зургаан сар байсныг дөрвөн сар болгосноор нийт ажилтны 28 хувь нь амралтаа авсан. Үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон нийгмийн салбарын ажилчдаа сул зогсолтоор буюу цалингийнх нь 75 хувиар цалинжуулж байгаа” гэв.
Түүнчлэн байгууллагаа дэмжих үүднээс төмөр замчид өөрсдийн саналаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгаа гэнэ. Төмөр замын нэрэмжит политехникийн коллеж, цэцэрлэгийн 350 багш зайнаас ажиллаж байгааг тэрбээр тодотголоо.
Сүүлийн жилүүдэд төмөр замын бүтээн байгуулалт өрнөж буй Сайншанд, Замын-Үүд, Чойрт ажиллах үндсэн мэргэжлийн албанд хүний нөөцийн эрэлт хэрэгцээ их байгаа аж.