Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг бусдаас хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байсан юм. Энэ хүрээнд өнгөрсөн пүрэв гаригийн үдэш тус газрынхан ажиллагаа явуулж, 48 цаг цагдан хорьсон. Учир нь түүний гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний төгрөг, 10 000 ам.доллар хураасан аж.
Ямартай ч хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа актаар тогтоогдсон татварын хэмжээг багасгаж хахууль авсан, ингэхийн тулд компаниудын удирдлагыг шантаажилсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй аж.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророор дамжуулан яллагдагчаар тооцон цагдан хорих хүсэлт хүргүүлсэн байна. Түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад бусдаас хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцож, 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж гаргажээ. Татварын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр Б.Батсүх нь хэд хоногийн өмнөөс тодорхой шалтгаангүйгээр ажилдаа ирэхээ больж, улмаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан гэнэ.