УИХ-ын гишүүн Батжаргалын Батзориг суудлаасаа буух өргөдлөө УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан юм.
Гэвч өнөөдрийн шүүх хуралд . Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
- 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн
- 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.
Өмнөх удаад Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товлоод байв. Гэвч хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 6-ны 10:00 цагт хийхээр хойшлуулсан юм.
Дашрамд дуулгахад, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа гишүүний суудлаасаа татгалзах болсон талаараа “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улс төрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз ээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ” хэмээжээ. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-ын отгон чуулганаар хэлэлцэх болж байна.
Эргэн сануулвал, Б.Батзориг нь өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоогоод буй. Тэрээр ХХААХҮ-ийн сайдын суудалд тухалж байсан нэгэн. Одоогийн байдлаар түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлээд байна. Уг хэргийг өмнө нь тус шүүхэд шилжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон байдаг. Харин энэ удаад Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд буй.