Нам, хөдөлгөөний амьдрал
Аливаа шатны сонгууль болохоор бяцхан намууд “мода”-нд орж, жирийн үед чимээгүй cуудаг нь өнөөгийн манай улс төрийн тогтолцооны бодит үнэн. Ийнхүү тус төлөөллөөс Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдыг урьж ярилцсан юм.
-Сайхан өвөлжиж байна уу. Танай намаар сонин сайхан юутай байна вэ?
-Бид өнгөрөгч аравдугаар сарын сүүлээс эхлээд гадаад нөхцөл байдлын судалгааг хийгээд дууслаа. Монгол орны гадаад нөхцөл байдал юу болов, бид хаана ямар байр суурьтай байх ёстой юм гэдгийг гаргаж ирлээ. Үүнтэй холбоотой Монгол Улс хоёр хөрштэйгөө яаж харьцах юм, АНУ, Япон, Солонгос, Герман Европын холбооны улс зэрэг орнуудтай хэрхэн харилцах юм гэдгийг хийгээд харьяалах газарт нь өгчихлөө. Түүнээс Монгол Улс хэн нэгнийг эх орондоо урьсныхаа төлөө Хятадаас уучлалт хүсдэг байж болохгүй. Агуулгыг нь Ц.Мөнх-Оргил ойлгохгүй байна. Тийм болохоор манай улсыг гадаад ертөнцөд төлөөлдөг энэ хүн ажлаа өгөх ёстой. Монголын бүрэн эрхэт байдлыг хятадад сайн дураараа өгчихөж байгаатай агаар нэг үйлдэл хийсэн. Мөн чанараа таньж мэдээгүй учраас ийм том алдаануудыг асар их хийж байгаа юм. Тусгаар тогтнол, түүний аюулгүй байдал, бүрэн эрхэт байдал гэдэг талаас нь авч үзэхээр Гадаад хэргийн сайдын хятадаас уучлалт эрсэн асуудал нь манай статусыг үгүй хийчихэж байгаа юм. Үүнийг хүслээ гэж үү монголчууд. Уг нь сэхээрч чаддагсан бол манай улс хамгийн мундаг том байж болох цаг үе дээрээ ирсэн. Өнгөрөгч есдүгээр сард манай гадаад нөхцөл байдал маш хүнд байсан. Трамп сонгуульд ялсанаас хойш байдал эсрэгээрээ манайд ашигтай болж ирлээ. Үүнийг ухаж ойлгох хэрэгтэй. Яагаад манайд ашигтай цаг болов гэдгийг ойлгомоор байна. Обамагийн явуулсан бодлого нь хятад орос хоёрыг ойртуулах бодлого байсан. Трамп гарч ирсэнээрээ Орос манай дайсан биш. Бид оростой учраа ололцох ёстой Хятад бол манай дайсан гэчихлээ.
-Таныхаар энэхүү мэдэгдэл бидэнд ямар хожоотой гэж?
-Бидэнд Одоо Орос АНУ хоёрын яриа хэлэлцээр хэрхэн явагдахыг манайх харах үлдлээ. Энэ хоёр гүрний дунд бол зургаан том багц асуудал бий. Гэтэл нөгөө талд нь хятад бүх холбоотон улстайгаа муу харилцаатай. Үүнийг л ашиглаж олж харж чадвал бид том дуугарч том агуулгаар урд хөрштэйгөө харилцах бүрэн боломжтой.
-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд туллаа. Танай нам ямар оролцоотой байх вэ?
-Манайхан бол их тайван байгаа. Парламентат суудалтай намууд нь Ерөнхийлөгчид хүнээ дэвшүүлэх нь зөв юм гэдэг байр суурьтай. Ерөнхийлөгчид захын нэг нөхөр нэрээ дэвшүүлэх юм бол утгаа алдана. Ерөнхийлөгчийн нэр хүнд гэдэг зүйл байхгүй болно. Монголчууд язгуураасаа төрөө дээдэлдэг ухаантай ард түмэн. Тийм ч ураас төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Гэтэл бид үргэлж төрөө занаж зүхэж харааж байна. Тэгэхээр яаж өөдтэй өнгөтэй байх юм бэ. Монголчуудын билэг оюун гэдэг бол том ард түмэн. Харамсалтай нь бид энэ талаа бүүр хаячихлаа. Гээчихлээ. Аливаа ургамал үндэснээсээ тасарчихаараа ургадаггүй. Үүнтэй ялгаагүй бид үндэс, соёл, уламжлал, түүхээсээ тасарчихсан учраас харанхуй болчихсон. Мөн чанараа алдчихсан. Мэдээлэлгүй болсон байна. Үүнтэй холбоотой сэтгэлгээ нь өөр болсон. Ганц хүнийг ерөнхийлөгчид ялуулахын тулд хуулийг хийдэг байж болохгүй. Хуулийн нийтлэг үнэт чанаруудыг орхигдуулж болохгүй. Зөвхөн материаллаг ашиг сонирхолдоо хөтлөгдөөд үнэт чанаруудаа уландаа гишгэж байна. Энэ чинь эргээд л нөгөө системээ өөрчлөх л хэрэгтэйг харуулж байна. Хэтэрхий харанхуй бүдүүлэг болсон байна.
-Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх асуудал манай улс төрийн халуун сэдэв болж байна. Нам толгойлж яваагийн хувьд таны бодлыг сонсоё?
-Өнөөдрийн монголын төрийн тогтолцоо бол олонхиороо асуудлаа шийддэг тогтолцоо. Өөрөөр хэлбэл, АН-ын арван гишүүн хэн ч биш гэсэн үг. МАН юу гэж хүснэ толгой намын хүсэлтээр л бүх хууль, түүний хэрэгжилт явна гэсэн үг. Жишээ нь сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг 2012-2016 оны хооронд дөрвөн жил бид ярьсан. Ажлын хэсэг гаргасан. Эцэст нь юу боллоо, юу ч болоогүй. Сонгуулийн хуулийн амин чухал заалт гэгдэх сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг тухайн үедээ АН “мартсан” гэж мэдэгдэж байсан. Тэр үед АН олонхи биш олуулаа байсан. АН олуулаа байхдаа яг л өнөөдрийн МАН-ын жишгээр л ажилласан. Бид олуулаа учраас та нарын хүснэ хүсэхгүй чинь хамаагүй, хуулиа батлаад л явна гэсэн. Мартаагүй бол гишүүд чуулганы танхимынхаа хаалгыг таглаад баахан цаас барьчихсан дуугүй ажил хаялт ч билүү буйдан дээр сууцгаагаад эсэргүүцэж л байсан. Тэгэхээр хэн олонхи байна түүний хүсэлтээр монголын улс төр, эдийн засгийн амьдрал шийдэгдээд өдий хүрсэн. Бидний хэлдэг гол санаа нь юу юм гэхээр системийн өөрчлөлт хийх болсон. Улс төрийн шинэчлэлийг хийхгүй бол Монгол Улс, үндэстэн гэдэг зүйл байхгүй болох дээрээ туллаа. Бид өөрсдийгөө устгаад дуусч байна гэдгийг манай намынхан яриад 12 жил болжээ. 2006 оноос л манай улс системийн хямралд орж эхэлсэн. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм ийм арга хэмжээ авч явахгүй бол улс үндэстнээрээ сүйрэх зам руугаа явна шүү гэдгийг сануулсан. 2010 онд бид улс төрийн хямрал руугаа яваад орчихлоо. Системийн хямрал эхэлчихлээ. Одоо энэ зогсолтгүй цааш үргэлжлэх төлөвтэй. Реформ хийхгүй бол болохгүй нь гэдгийг дахиад л хэлсэн. 2012 оноос л дөнгөж ойлгож эхэлсэн. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй юм байна, Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг ярьсаар өдийг хүрлээ. Өчигдөрхөн ухаарчихсан зүйл биш.
-Бурууг нь хэн хүлээх вэ, намууд уу. Эзэн бие байх ёстой болов уу?
-Судалгаа тооцоогүй асуудалд ханддаг эрх баригч намуудын авир Монгол Улсыг ийм байдалд орууллаа. Энэ бол шүүмжлэл биш, бодит байдал. Үүнийг батлах хамгийн ойрхон жишээ нь утаа.
-Утаа гэснээс утаагүй болохын тулд хотын даргын гаргаж байгаа бодлого шийдвэрүүд хэр үр дүнтэй бол?
-Утаатай тэмцээд хэрэггүй л дээ. Утааг бий болгож байгаа эх үүсвэртэй тэмцэх ёстой. Тэр нь юу юм гэхээр хот руу шилжин суурьшсан орон нутгийн иргэд байна. Түүнээс биш Монгол Улсад Бээжинтэй адилхан тэр их олон үйлдвэр ажиллаад хорт утаа ялгаруулаад байгаа юм алга. Манайх өнөө утааг бий болгоод байгаа хөдөө орон нутгаас ирсэн айл өрхүүдтэй тэмцэхдээ буруу аргаар хөөж байгаа юм. Тэр нь иргэдийн бухимдлыг төрүүлээд нийгэмд хэрүүл үүсгээд байна. Яаж байна гэхээр захиргааны арга хэмжээ аваад хөөж туух юм яриад байх юм. Нэг талдаа механикаар ийм арга хэрэглэх нь зайлшгүй ч нөгөө талаас яагаад тэр иргэд хэдэн зуугаараа төв суурин газрыг бараадаад нүүгээд байна вэ гэдэг дээр анхаарах ёстой. Орон нутагт илүү амьдрах боломж байхгүй учраас хот бараадаж байна. Тэгэхээр хөдөөд таатай амьдарч болох нөхцөлийг төр нь бодлогоор бий болгох. Тухайлбал, баруун аймаг Ховдод юмны үнэ хоттой харьцуулахад өндөр. Хөдөө орон нутагт бий болж байгаа бүх бизнес, өргөн хэрэглээний бараа материалын үнэд тээврийн зардал бусад төрлийн татвар нэмэгдсэн учраас тэнд өртөг өндөр байна. Тэгвэл баруун аймагт ч зүүн аймагт ч нүүрсний том том уурхайнууд нээгдсэн. Яагаад тэгвэл бид өөрсдөө орон нутагтаа эрчим хүчээ үйлдвэрлээд цахилгаан станцаа концессийн гэрээгээр бариулж болохгүй байгаа юм бэ. Яагаад бид баруун аймагт очиж байгаа барилгын болон бүх төрлийн барааны үнэд шингэсэн тээврийн зардлыг улс даагаад шатахууны үнийг Улбаанбаатарынхтай адилхан болгож болохгүй гэж. Сууриар нь арга хэмжээ авахгүйгээр хүмүүсийг хөөгөөд байж болохгүй. Язгуурыг нь засч байж утааг арилгана. Бас нэг зайлшгүй өөрчлөх зүйл нь улс төрийн систем.
-Утаа арилахгүй байгаа нь улс төрийн системтэй яагаад холбогдоно вэ?
-1990 оноос хойш Монгол Улс өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөө, загвар байхгүй, эдийн засгийн тэргүүлэх чиглэлгүй явж ирсэн. Тэгвэл зүгээр нэг жижигхэн компани хүртэл зорилго, чиглэл, стратегитэй. Тэгэхэд тусгаар улс ийм загваргүй 26 жил явжээ гэдгийг бодоод үздээ. Дөрвөн жил болоод нэг нам эрх барьдаг. Нам солигдох тоогоор төрийн залгамж, бодлого алдагдаж байдаг. Угтаа бол төрийн бодлого тасралтгүй байх ёстой гэх үндсэн шинж чанаруудаа бид үндсээр нь устгаж байна. Н.Энхбаяр засгийн эрхийг мэддэг байхдаа Мянганы зам барина гээд л зорилго дэвшүүлээд баахан мөнгө төсөвлөөд ажилласан. Өнөөх нь хэрэгжиж дуусаагүй дараагийн эрх баригч нам гарч ирээд мянганы зам мянгуужингийн үлгэр боллоо, болоё, уул уурхайгаа ухая. Үйлдвэрийн парк байгуулъя гээд явсан. Тэгэхээр аль ч нам гарч ирсэн улсын бодлого зорилт өөрчлөгдөхгүй байх ёстой. Олон нам өөр өөрсдийн бодлогоор явахаар аль ч үгүй хоцорч үүний урхагийг иргэд үүрдэг. Уг нь бол нэг зорилтын төлөө намууд ажиллах боломжтой юу гэвэл боломжтой. Тэгэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.
-Монгол Улс болохгүй байгаа нь, улс төрийн намууд “сахилгагүй” байгаа нь, орон нутаг, парламент, Ерөнхийлөгчийн гээд бүх шатны сонгууль маргаан дагуулдаг нь Үндсэн хуульд алдаа байгаа учраас хэмээн амтай болгон хэлдэг боллоо. Таны тухайд Үндсэн хуулийг засах ёстой шалтгаан нь юу юм?
-Үндсэн хуулийн үзэл санаа гэж айхтар зүйл байна. 1992 онд баталсан Үндсэн хууль бол ардчилсан зах зээлийн нийгэм байгуулах үүрэгтэй хууль. Бид ардчилсан зах зээлийн нийгмээ байгуулчихсан. Одоо юу хүсээд байгаа юм. Ардчилал гэдэг бол даргыгаа чи гэж хэлж болдог эрх чөлөө юм. Тийм эрх чөлөөтэй болчихлоо шүү дээ бид. Хаана бодлого үгүйлэгдэж байна тэнд эмх замбараагүй байдал бий болдог нь зүй тогтол. Тэгэхээр манайд өнөөдөр дээр дооргүй ийм эмх замбараагүй эрх чөлөө бий болчихлоо. Тэгэхээр үндсэн хуулиа бид өөрчлөх ёстой гэдэг асуудал дээр тулж байгаа юм. Ингэхдээ эхлээд концессоо тодорхойлох хэрэгтэй. Бид ардчиллын төлөө байх ёстой юм уу, эсвэл монголын үндэсний эрх ашгийн төлөө байх ёстой юу гэдгээ тодорхой болгох ёстой. Ардчиллын төлөө байхгүй нь нэгэнт тодорхой болчихлоо. Тэгэхээр үндэсний эрх ашгийн төлөө байх ёстой болж байна. Үндэсний эрх ашгаа засаглах хэрэгтэй болж байна. Үндэсний эрх ашгийн төлөө байя гэдгээ бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд тодорхой болгочихвол мэргэжлийн хуульчид нийгэм судлаачдаа суулгаж байгаад Үндсэн хуулийнхаа эх загварыг бий болгоё. Үндэсний эрх ашгийн төлөө байх юм бол Монгол Улсын бүх бодлого нэг суурин дээрээс бодогдож нэг суурин дээр зангилагдаж байх механизмийг бодож олох хэрэгтэй. Тэр нь юу байх вэ гэхээр, тусгаар тогтнол түүний аюулгүй байдлыг хангах гэсэн сууринаас бүх бодлого явагдаж байх ёстой. Гэтэл манайх “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсэн суурьтай явж байгааг Ч.Сайханбилэг гэж нэг залуу Ерөнхий сайд байхдаа ярьсан. Эдийн засгаар улс орныг залдаггүй. Эдийн засаг бол улс орныг бэхжүүлэх, хөгжлийг хангах нэг л хөшүүрэг. Нэг л механизм. Түүнээс гол суурь нь биш. Эдийн засгаа бид бодлого болгох гол салбар гэж үзэж байгаа бол төрсөн эхээ ч зарж болно, эх нутгаа ч зарж болно гэсэн томъёогоор явна. Мөнгө олж болох бүхнийг зарах юм. Тусгаар тогтнол, түүний эрх ашгийг хангах суурин дээрээс бүх зүйл бодогдох юм бол нарийн царигтай төмөр замыг оруулж ирэхгүй гэдэг нь тун ойлгомжтой болно. Яагаад гэвэл, Үндсэн хуульдаа тусгачихсан учраас харшилж болохгүй шүү дээ. Үндсэн хууль гэдэг нь юу юм гэхээр төр нийгэм хоёрын дунд хийсэн иргэний гол хэлцэл. Энэ хэлцлээ төр нь ч иргэн нь ч хатуу дагах ёстой.
-Тусгаар тогтнол, түүний эрх ашгийг хангах суурин дээрээс манай улс төрийн бүх бодлого явагдах юм бол гадны улстай эдийн засгийн ямар нэг хэлцэл хийлээ гэхэд тэр нь аюулгүй байдалд нөлөөлөх үү, тусгаар тогтнолд нөлөөлөх үү гэдгээ бодож байж шийднэ гэсэн үг байх нь ээ?
-Тийм. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиг үүрэгтэй гол байгууллага нь бодлогоо зангидаад хараа хяналтаа тавина гэсэн үг. Ойрхоны жишээ гэвэл, социализмын үед газрын даргаас эхлээд хэлтсийн даргыг тавихдаа Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас тухайн томилогдох гэж байгаа даргынхаа зөвшөөрлийг авдаг байлаа. Яамныхан тухайн хүнийг судлаад ямар ашиг сонирхлын зөрчилтэй юм, эцэх эх, удам судар нь юу юм, хаанаас гаралтай юм, өвөг дээдэс нь хэн юм гэдгийг судлаад тухайн хүний болно, болохгүйг шийддэг байсан. Тусгаар тогтнол, түүний аюулгүй байдлыг хангах гэсэн сууринаас л хандаж байгаа нь тэр байж. Энэ бол маш том сэдэв. Үүнийг ярих юм бол бид өнгөрсөн түүхээ сөхөх, унших, мэдэхээс өөр аргагүй болно. Ингэж явах юм бол бидний зам зөв болно. Үндсэн хуулиа ингэж зөв өөрчлөөд үндэсний эрх ашгаа засаглаж чадвал үндсэн хуультай дагалдан гарах гурван бичиг баримт байх ёстой. Тэр нь Хөгжлийн стратеги, Хөгжлийн загвар, Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл гэх гурван зүйлийг бид суулгаж өгөх ёстой. Бид олон намын тогтолцоотой учраас өнөөдрийнхөө тогтолцооны хүрээнд яриад байна шүү. Аль ч нам засгийн эрхэнд гарсан үндсэн чиг бодлого нь өөрчлөгддөггүй. Стратегиэ бид юу гэх юм гэхээр 2100 он гэхэд хөгжлийнхөө загварыг нөхөн сэргээгдэх баялаг дээр сууриласан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг бий болгоно гэж ойлгож байгаа бол 2100 он гэхэд Монгол Улс экологийн цэвэр хүнс экспортлогч тэргүүлэгч улс болох зорилго тавих л ёстой юм. Энэ юутай холбогдож ийм жишээ гарч байна гэхээр хөдөө орон нутагт амьдрал сайн байх хэрэгтэй байна. Тэгж байж хотыг зорих нүүдэл сарнина. Мал аж ахуй, газар тариалан гэх гол салбараас үндэсний томоохон үйлдвэрлэгчид гармаар байна. Малчны хүүхэд гэхээр л эцэх эх, гэр орноосоо хол сумын төвийн дотуур байранд хэдэн жил сууж яах юм. Тэр хүүхэд монгол ахуйгаасаа тасраад эцэг эхийн хайр халамжаас хол юу сурах юм. Арай гэж арав төгсгөж аваад дээд боловсролтой бол гээд хотруу оруулаад ирж байна. Хүүхдээ дагаад хэдэн малаа зарж үрж сургалтын төлбөр хийгээд айлууд орж ирдэг. Бид тэгээд ямар дээд боловсрол олгоод байгаа юм. Хорь нас гартлаа нөгөө хүүхэд амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэг арга ухааныг биш нэг л хийсвэр оюун санаандаа амьдрагч болж хувирч байгаа нь өнөөдөр харагдаж байна. Дээд боловсрол гэдгийг эзэмшиж ч байгаа юм уу хэн мэдэж байгаа юм. Түүний оронд малчны хүүхэд малчин л байг л дээ. Газар тариалан, мал аж ахуй, экологийн цэвэр хүнс гэдэг рүү улс нь хөгжлийн сууриа мөн гэж харж байгаа бол бид хөрөнгө оруулалт, бодлого, ажиллах хүчээ тэр салбартаа бэлтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор боловсролын хоёр тогтолцоотой болох хэрэгтэй юм байна гэж хардаг.
-Өнөөдрийн боловсролын тогтолцоогоо зөв бурууг нь ч мэдэхгүй байж дахиад тогтолцоо ярьж болох юм уу?
-Малчны хүүхэд малчин л байя. Яах гэж бид нүүдэлчин, малчин удмаа арчиж хаяад байгаа юм. Хотжиж суурьшсанаараа бид юу олж байгаа юм. Хүнээ гэсэн мөн чанараа л гээж байна. Хууль эрх зүйн хувьд ч гэсэн хоёр тогтолцоогоор элдэв хэргийн гаралтыг шийддэг байх ёстой юм шиг санагддаг. Хөдөө орон нутагт үйлчилдэг нэг хуультай, хот суурин газар үйлчилдэг нэг хуультай. Ямар утгаар хэлж байна вэ гэхээр, хамгийн энгийн жишээ авая. Танхайн гэмт хэрэг гэж бий. Баар цэнгээний газар,ресторанд ч юм уу нэг хурим боллоо гэж бодоё. Тэнд нэг нөхөр агсам тавиад бужигнууллаа гэхэд энэ бол танхайн гэмт хэрэг болно. Гэтэл хөдөө орон нутагт хурим найран дээр агсам согтуу тавихгүй бол тэр нь хурим найр биш гэж үздэг сэтгэлгээ манайд бий. Гэтэл хөдөөгийн найран дээр болж байгаа тэр агсамналыг танхайн хэргээр мөн адил шийтгэж байгаа юм. Том утгаар нь харъя. Монголчууд бол нүүдлийн соёлтой ард түмэн. Нүүдлийн мөн чанар гэдэг агуулгаар нь харвал хууль ёсонд хандах ханддага нь өөр байна. Жишээ нь герман, хятадад бол хуулиа дагаж сахьдаг соёл бэхжсэн. Ийм ард түмнүүдийн ёс уламжлалыг монголчууд дээр наах гэхээр болохгүй байна. Германд хууль гарангуут хуулиа яаж дагаж мөрдөх вэ гэдгийг бодож эхэлдэг бол монголд хууль гарахаар үүнийг яаж аргалж тойрч гарах вэ гэдгийг бодож эхэлдэг. Сэтгэлгээ, соёлоосоо үүдэлтэй ертөнцийг үзэх үзэл нь өөр. Нэгэнтээ ертөнцийг үзэх үзэл нь өөр юм чинь юмс үзэгдэлд хандах хандлага нь бас өөр.
-Ер нь л таны ярианы утга улс төрийн системийг болон нийгмийн тогтолцоог өөрчлөх гэсэн агаараар л “амьсгалаад” байна. Өөрчлөх тухай ойлголт амаргүй л байх?
-Бид системээ өөрчлөхгүйгээр урагшлахгүй нь ээ. Даргын хүүхэд дарга болдог анги давхрага руу явчихлаа. УИХ-ын хэн нэг гишүүн нас барлаа гэхэд эхнэр нь гишүүн болдог, үгүй бол дүү нь, дүү нь биш юм гэхэд хүү нь болж байна. Уучлаарай ийм байх юм уу. Бүхэл бүтэн дүүргээрээ нэг хүний албат байдаг ийм нийгмийн анги руу бид яваад орчихлоо. Бид ийм завхарсан системээ устгахгүйгээр удаан оршин тогтнохгүй. Удахгүй алга болно. Аливаа улс гадаад дотоод харилцаан дээр нөхцөлдөж байж хөгждөг. Муу хүний заяа завагт гэдэг шиг сүүлийн 20 жил манай гадаад харилцаа их тогтвортой байснаа сүүлийн 2-3 жилд эрчимтэй муугаар хувьсан өөрчлөгдлөө. Үүн дээр нэмэр болж дотоодын зөрчилдөөн нь гадаадын аюул заналыг эрчимтэй дуудлаа. Бид нэг эрх ашигтай, агуу том түүхтэй том үндэстэн. Монголчуудын өнөөдрийн байгаа газар нутаг, түүх соёлыг хэн бүтээсэн бэ гэдгийг цохон тэмдэглэж асуумаар байна. Энэ өгүүлбэрийг үг бүрээр нь ойлгоосой гэж бодож байна. Бид түүхээ мэддэггүй сармагчин болчихлоо. Уламжлал нь тасарч байна. Сармагчний сэтгэлгээ гэдэг бол орос тэгдэг, америк тэгж байна, хятад ингэж байна гээд бусдыг дуурайгаад өөрийгөө үгүйсгэдэг сэтгэлгээ. Манай нийгэм бүхлээрээ ийм болчихлоо. Энэ бол мөхөл, сүйрэл.
-Манай төрт ёсны түүх агуу байсан гэдгийг дэлхий мэднэ. Харамсалтай нь өнөөгийн улс төрчид л мэдэхгүй байх шиг, мэдсэн нэг нь хөрсөндөө нааж чадахгүй элий балайгаараа дуудуулаад байх шиг?
-Би барууны нэг том эрдэмтэнтэй онгоцонд хамт явж байгаад их сонин юм сонссон. Монгол үндэстэн бол их том үндэстэн байх ёстой. Англи хэл бол 60-70 орчим аялагаар ярьдаг. Монгол хэл 150-160 аялагаар ярьдаг. Тэгэхээр энэ бол их эртний бөгөөд их том үндэстэн байх ёстой гэж 13 жилийн өмнө хэлж байсан. Түүнээс хойш би төр эрх зүйн түүхээ уншаад судлаж эхэлсэн. УНН-ын үзэл санааг гаргаж ирэх зорилгоор түүх, нийгэм судлаачдын багтай хамтраад манай намын үнэт зүйл юу байх юм гэдгийг ойлгохын тулд монголын 2200 жилийн түүхээ судалсан л даа. Маш сонин баримтууд гарч ирдэг. Тухайлбал, дэлхий дээр 2200 жилийн түүхэнд дэлхийн эзэнт гүрэн болон бүс нутгийн эзэнт гүрэнг хэдэн удаагийн давтамжтайгаар ямар үндэстэн хэдэн удаа бий болгов гэдгийг судалсан. Яагаад гэхээр монголчууд бид 2200 жилийн дотор18 супер гүрэн байгуулсан байдаг юм. Хүннүгээс эхлээд хамгийн сүүлд Зүүн гарын эзэнт гүрэнг хүртэлх хугацаа юм. Хүннү, Их Монгол улс гэхэд л супер гүрнүүд байсан. Алтан ордны улс гэхэд л бүс нутгийн супер гүрэн байж. Юан гүрэн гэхэд л дэлхийн супер гүрэн байсан байна гэдэг ч юм уу. Монголоос өөр ямар үндэстэн хэдэн удаа супер гүрэн байгуулсан байдаг юм бэ гэсэн асуулт гарна. Судлахаар нэг ч алга. Гэтэл бид 18 удаа байгуулжээ. Үүнээс нэг логик гаргалгаа гарч ирнэ. Супер гүрнийг зүгээр нэг бичиг үсэггүй, төрт ёсны уламжлал соёлгүй малчин ийм олон удаагийн давтамжтай байгуулаад байхгүй л дээ. Тэгэх ч үндэслэлгүй. Боломжгүй. Тэгэхээр монголчууд ямар ч боловсролгүй, танхай, айраг цагаанд согтчихоод урд хөршийг дээрэмдээд явдаг хүмүүс байсангүй. Баабарын хэлдэгээр. Асар том төрт ёсны уламжлал зохион байгуулалттай байж. Жишээ нь, газар нутгаа Баруун, Төв, Зүүн гэж гурав хувааж захирдаг байж. Хүннүгийн үеэс Галданбошгит хааны үе хүртэл яг ийм нэгж зохион байгуулалттай байсан. Засаг захиргааны нэгжийн хувьд ч аравт, зуут, мянгат гэж хуваадаг байж. Тэр үеэс л төрийн залгамж чанар гэдгийг ингэж хадгалж авч явдаг байж шүү гэдгийг сануулахын тулд үүнийг яриад байгаа юм. 18 супер гүрнүүдийн хоорондох зайг харахаар 200-500-аад жил харагддаг. Хүчирхэг байж байгаад мөхөөд дахин хүчирхэг болж гарч ирэхдээ газар нутгийн зохион байгуулалт, төрийн менежмент зэрэг нь яг хэвээрээ байдаг байжээ. Тэр үед одоогийнх шиг дуу хураагуурт хураагаад компьютерт шивж үлдээсэн биш яаж хадгалж үлдээд мэдээд байв гэдгийг судлахаар маш их гүний судалгаа хийгдэж байгаа юм. Тэгэхээр энэ бүхний эхлэл нь хаана байгаа юм. Бид Хүннүгээс эхэлж л түүхээ тоолох гээд байдаг. Тэгэхээр Хүннүгээс өмнө энэ загвар байсан байна шүү дээ. Хамгийн сүүлд энэ загварыг эвдсэн хаан нь Манжийн Канси байдаг юм. Энэ мэтээр монголын төрт ёсны түүхээ судлахаар улс төрийн систем ямар байх вэ гэдэг маш төгс загварууд байна. Бид хаанаас ирсэн бэ гэдгээ мэдэхгүйгээр хаашаа явхаа мэдэхгүй. Та нар хэрэв анзаардаг бол УНН айхтар их шоу хийгээд байдаггүй.
-Нэлээд нам жим байх шиг?
-Тийм болохоор та нар юу хийдэг юм гэж хүмүүс гайхдаг. За яахав, хүмүүсийн тод санаж байгаа хэсэг гэх юм бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа авлига албан тушаалын хэрэгт холбогдлоо. Ах дүү, хүргэн бэртэйгээ. Тэгснийхээ дараагаар үүнийг нь илрүүлсэн байгууллагуудтай тооцоо бодоод оролдоод эхэлсэн. ТЕГ-аас эхлээд АТГ-ыг хүртэл оролдсон. Энэ нь бүтэхгүй болохоор Өршөөлийн хуулийг санаачлан гаргасан. Авлига албан тушаалын хэргүүдийг бүгдийг нь уучилсан. Өнөөдрийн нийгэм Ц.Элбэгдоржийг занаад байгаа ганц шалтгаан нь энэ. Энэ болгонтой бид л ноцолдсон. Хамгийн сүүлд гэхэд л Хилийн тухай хуультай ноцолдлоо. УНН-ынхан тусгаар тогтнол, түүний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр үргэлж дуу хоолойгоо хүргэдэг. Судалгаатай асуудалд ханддаг. О.Дашбалбар амьд ахуйдаа хэлсэн байдаг. МУНН бол монголын тусгаар тогтнолын хоточ банхар гэж. Эхэндээ би тэр үгийг манай намыг их дорд үзсэн үг байна гэж бодсон чинь эцэстээ үнэхээр үнэн үг байсан. Одоо манай намын хажууд хуучин тусгай албат, цэргийнхэний байгуулсан тусгаар тогтнол холбоо гэж бий. Энэ зүгээр ч нэг байгуулсан холбоо биш. Та нар санж байгаа бол 281-ийн холбоо гэж дээхнэ байсан, түүний л дараагийн үе. МУНН бол Монголоо монголоор нь авч үлдье, аюулгүй байдал, тусгаар тогтнол, уламжлал соёл түүхээ хадгалж үлдэе, түгээн дэлгэрүүлье гэсэн салбарт ажилладаг улс төрийн нам. Магадгүй хөрөнгө мөнгөтэй ч холбоотой байдаг байх өөрийн үзэл санаагаа бусдад хүргэж чадахгүй байгаа учраас ямар ч шатны сонгуульд дэмжлэг авч чадахгүй байгаа болов уу. Бид жаахан юм хийгээд Монгол Улс хөгжлийн загвартай, стратегитэй, зорилго чиглэлтэй байх ёстой, нөхөн сэргээгдэх баялаг дээр эдийн засаг нь сууриласан байх ёстой гээд эхлэхээр хажуугаар шоуддаг, солиордог, өвчгөнөдөг улс гараад ирдэг. Эрс шинэчлэл иргэний хөдөлгөөн юу юу ч билээ. Нэр ус нь их гоё.
-“Зон олны нам” гэж байгуулагдаж байгаа юм билээ сонссон уу?
-Эрх баригч нарт олон жижиг нам байх нь зарим талаараа ашигтай байдаг. Зарим нь бол эрх баригчдын утсан хүүхэлдэй. Одоо гараад ир гэхээр нь асуудлыг үймүүлдэг, үгүй бол дэмждэг гар хөл нь. Ер нь асуудалд ултай суурьтай судалгаатай хандаж байгаа улс төрийн хүчин гэвэл манайхаас өөр байхгүй дээ. Энэ үгээрээ би бусдыгаа доош нь хийх гээд байгаа юм биш. Яг л ийм байна. Мэргэжлийн судлаачдын баг манайд бий. Манай судалгааны материалууд төр засаг ажлаа явуулахад их нэмэр тус болж байсан болов уу гэж хардаг. Тухайлбал, нарийн царигтай төмөр замыг оруулж ирэх асуудлыг бид судалж хэл ам хийж байж зогсоосон. Санаж байгаа бол сонгуулийн өмнөхөн тусгай албатыг хүчгүй болгох хуулийг санаачилсаныг нь бид хэл ам хийж байж унагасан. Түүнийгээ ил гаргаж “Би хүүхдийн мөнгө санаачилсан” гээд Гүндалайддаггүй л байхгүй юу. Ер нь бол улс төрийн намуудын нэг үндсэн ажил нь сонгуульд оролцох. Хүмүүс л харин үүргийг нь сайн мэддэггүйгээс ч болдог уу жижиг намууд сонгууль болохоор л ухаан орсон мэт гарч ирцгээх юм гэдэг.
Эх сурвалж: Newsmedia.mn
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.