ОХУ-аас хүнс тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирнэ

2020-03-19 Мэдээ, мэдээлэл

 

 

 

             Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар 21.00 цагт 1734 хүн тусгаарлагдаж, зарим хилийн боомтуудаар иргэд нэвтэрч байгаа юм. Коронавирусийн халдварын эрсдэлтэй нөхцөлд ташаа мэдээлэл өгсөн бол хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулав. Мөн мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээнд саад учруулсан тохиолдол хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

Тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага иржээ. Тухайлбал, гаднаас хоол хүнс оруулах тохиолдол гарч байгаа аж. Өнөөдөр 14:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байрт байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар болжээ. Согтууруулах ундаа, хутга мэс заслын зүйл оруулахгүй гэдгийг анхаарууллаа. Мөн тусгаарлагдаж буй иргэдээс гомдол мэдээлэл их ирүүлж байна гэв. Түүнчлэн тусгаарлагдаж буй иргэд зочид буудлын үйлчилгээ нэхэж, тагтан дээр гарч шүлсээ хаях зэрэг зөрчил гаргаж байна гэдгийг мэдээллээ. Ийм тохиолдолд хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Агаарын нислэгээр ирсэн зорчигчдын гадаад пасспортыг хураан авсан байгаа аж. Төлбөрөө төлсөн иргэдийн гадаад пасспортыг буцаан олгох юм байна.

Энэ үеэр Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Цар тахлаас урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсрууллаа. Энэ хугацаанд Сөүл, Токио, Берлин, Истанбулаас 900 гаруй иргэнээ авлаа. Урд шөнө Истанбулаас 252 иргэн, ажилчидтай нийт 267 хүнийг хүлээж авч, тусгаарлаад байна. Шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн 300 гаруй иргэнийг тусгаарласан. Тусгаарласан иргэдэд 14 хоногийн хугацаанд нэг удаа эргэлт оруулахаар болсон” гэлээ.

Өнөөдрөөс ОХУ-аас хүнс, бараа тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирэх юм байна. Үүнд 15 гадаад, найман монгол жолооч тээвэр хийж байгаа аж. Монгол жолооч нарыг тусгаарлалтад хамруулах бол гадаад жолооч нарыг байнгын хяналтад байлгаж, гадагш гаргахгүй аж. Улмаар хилээр нэвтрэх үеэр хүнсний бараа бүтээгдэхүүнийг ариутгаж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 6863 зөрчил илрүүлжээ. Үүнээс 5170 зөрчлийг газар дээр арилгуулсан байна. Улмаар чанарын шаардлага хангаагүй 1204 нэр төрлийн 16321 ширхэг, нийт 28 сая 394 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.

Энэ үеэр УОК-ын шуурхайн штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1734 хүн 21 цэгт тусгаарлагдсан байна. Монгол иргэд агаарын болон авто замаар Монгол улс руу нэвтэрч байгаа. Сошиал орчинд өрөөсгөл мэдээлэл тараах асуудал байна. Худал мэдээлэл тараасан бол арга хэмжээ авах хууль дүрэмтэй шүү. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

Зорчигчдын ачааг 14 хоногийн хугацаанд каргод байрлуулж байгаа. Каргод байгаа ачаанаасаа авъя гэж дарга, цэргээр дамжуулж хэлээд байна. Ах, дүү, хамаатан садан, танил талаараа яриулж ажил хийхэд садаа хийхээ боль. Тусгаарлалтад байгаа хүмүүст хангамж өгөх асуудал байна. Доод түвшний удирдлагуудад асуудал байна. Бүх зүйл сайн биш байгааг нуухгүй. Тусгаарлалтад байгаа иргэдэд нэг удаа эргэлтэд оруулна. Оруулах бүтээгдэхүүний жагсаалтыг шуурхай бүлэг гаргасан. Ингэлээ гээд хүн амьтан оруулахгүй. Эргэлтийг торонд хийж, нэрийг нь бичээд оруулна. Өнөөдөр бүх газраар шуурхай штабынхан очиж ажилтай нь танилцана. Хүн болгон дэглэмээ хатуу чанга барьж байж, хүндрэлийг даван туулна гэдгийг анхааруулъя” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.