Н.Энхбаярын “ялгүйд тооцох хугацаа” дуусаагүйг сануулсан шийдвэрийг эрх бүхий байгууллагуудаас гаргасаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жилийн хоёрдугаар сард түүнийг Шадар сайдын албан тушаалд томилохоор нэр дэвшүүлэх үед АТГ-аас Засгийн газарт маш тодорхой тайлбарыг хүргүүлсэн байдаг. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/184 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 15/131 дугаартай албан бичгийг үндэслэл болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй учир Шадар сайдаар томилох боломжгүйг баталгаажуулж байсан. Үүний дараа УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг СЕХ-ноос гаргаж байв.
Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд гаргасан түүний гомдлыг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан удаатай. Сонгууль бүрт нэр дэвших эрхээ сэргээлгэх гэдэг МАХН-ын даргын хүсэлтэд “ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй” гэсэн ижил тайлбарыг ийнхүү холбогдох байгууллагуудаас албан ёсоор гаргасан байна. Гэвч МАХН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаанаас урьтаж бүхий л гарц, сувгийг эрэлхийлсээр байгаа нь Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсанаас харагдана. Шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэрбээр дахин нэхэмжлэл гаргасан сурагтай.
Парламентад суудалтай улс төрийн намууд энэ өдрүүдэд төрийн тэргүүнээ тодруулахаар зэхэж байгаа үед МАХН-ын дарга өрсөлдөхөө ил тод зарлаж эхэлсэн ч тус намаас УИХ-д сонгогдсон ганц гишүүн О.Баасанхүү огт өөр байр суурийг илэрхийлсээр явна. Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэж мэдээлсэн. МАХН-ыг парламент дотор төлөөлж буй гишүүн, гадна талын төлөөлөл ийнхүү хоёр өөр өнгөөр ярих болсон нь энэ намынхан тогоон дотроо учир зүйгээ олж чадахгүй байгааг илтгэнэ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.