SOS: ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

2020-01-31 Ертөнц

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм. Тус хурлаар дэлхийн зарим улс оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлав.

Хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем “Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусийн халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж мэдэгджээ.

Дашрамд дуулгахад, ДЭМБ олон улсын хэмжээний онц байдлыг өмнө нь таван удаа тогтоож байжээ. Үүнд 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онц байдал зарласан байна.

 

КОРОРНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Коронавирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус юм. Энэхүү вирус нь энгийн ханиадны нэгэн адил амьсгалын дээд болон дунд замын өвчинд амархан өртдөг хүмүүст халдах магадлал өндөртэй. Шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.

Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакчин байхгүй байгаа бөгөөд  олон улсын эрдэмтэд вакцин бүтээхээр идэвхтэй ажиллаж байна. Мөн өвчний шинж тэмдэгийг намжаахын тулд зарим тохиолдолд ДОХ-ын эмчилгээний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг зөвлөж байгаа юм.

ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:

  • Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсээс хол байх
  • Гараа аль болох удаан сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа сайтар ариутгах
  • Олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүх
  • Нийтийн ариун цэврийн өрөөг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд ариун цэврийг дээд зэргээр сахих
  • Төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад даруй мэдэгдэх
  • Үхсэн болон амьд амьтанд хүрэхгүй байх
  • Мал амьтны гаралтай мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг гүйцэт болгож идэх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.