ЭМЯ: Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлалаа

2020-01-29 Мэдээ мэдээлэл

 

ЭМЯнаас шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар өдөр бүр мэдээлэл өгч буй билээ. Энэ дагуу өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийв.


Хурлын эхэнд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица “Өнөөдөр ДЭМБ-ын удирдах албаныхан Ши Жиньпинтэй уулзаж, ярилцсан. Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, вакцин гаргаж авах талаар хэлэлцсэн.

Өнөөдөр дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан.

БНХАУ-аас гадна дэлхийд 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байна. Энэ нь БНХАУ-аас бусад оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байгааг илтгэж байна. Тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд нас барсан тохиолдын ихэнх нь архаг өвчтэй байна. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага байгаа юм.

Нийт тохиолдлын 20 хувь хатгалгаагаар хүндрэх  магадлалтай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна.

АНУ-ын 5 тохиолдол нь өөрсдөө иргэний үүргээ ухамсарлаж өөрөө эмнэлгийн  байгууллагад хандсан гэх жишээ бий. Тиймээс Хятадад сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд зорчсон, халуурсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.

Халдварт өвчний дэгдэлтийн үед буруу ташаа мэдээлэл их явагдаж, олон нийтийн санаа зовнисон байдал үүсдэг учраас албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг хүсье.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн” талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам 13:48 цагт мэдээлсэн. Тэр үед энэхүү мэдээллийг Монгол Улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага ХӨСҮТ-д дамжуулсан байсан. Харин үүнээс 3 цагийн дараа халдвар аваагүй, хавьтал гэдгийг Австрали улсын олон улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага нь илэрхийлсэн. Тиймээс бид энэхүү мэдээлэл ташаа гэдгийг салбарын яамнаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр буюу 16:00 цагт дахин мэдээлэл хийж залрууллаа.

Түүнчлэн бас нэгэн асуудлыг тодруулж хэлэхэд, энэхүү өвчлөлтэй холбоотой ташаа мэдээлэл нийгэмд их тархаж байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны буюу ДЭМБ болон салбарын яамнаас мэдээлэл авахыг уриалж байна.

Эцэст нь нэгдүгээр сарын 22-ноос хойш өөрчлөлт ороогүй ч өдөр тутмын мэдээллээр дэлхийн хэмжээний эрсдлийг дунд гэж ДЭМБ-ын  ташаа мэдээлэл оруулсанд хүлцэл өчиж байна” гэлээ.” гэв.

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцууллаа.

Тэрбээр “БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээлэл буюу өнөөдрийн байдлаар өвчилсөн хүний тоо 5974, нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдлын үзүүлэлт 9239 байна. Мөн бүрэн эдгэрсэн 103 иргэн эмнэлгээс гарчээ. Түүнчлэн дэлхийн 16 оронд 56 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Харин 20 оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

Манай улсын тухай, өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Тандалтын 4 долоо хонгийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 12.9 хувийг эзэлж байна.

Яг одоогоор коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлаад байгаа. Тухайлбал, Хонконгоос ирсэн зорчигч нь Архангай, Ховдынх, Бээжингээс ирсэн зорчигч болон “Дэрэн” хөлбөмбөгийн клубын хүүхдүүд байна. Одоо шинжилгээ үргэлжилж байгаа 18 хүн бий. ХӨСҮТ-д 16 хүн, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан. БНХАУ-аас ирж байгаа халуурсан тохиолдлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 хүний онош үгүйсгэгдсэн. Одоогоор 18 хүний шилжилгээ хийгдэж байна. Холбогдох журмын дагуу тандалт хяналт хийхэд сэжигтэй зүйл байхгүй байна.

Энэ сарын 28-ны байдлаар 6 аймгийн 8 хилийн боомтоор нийт 1966 монгол улсын иргэн нэвтэрсэн. Холбогдох журам дүрмийн дагуу ханадалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Мөн хурлын үеэр Хэнтий аймагт нас барсан охины талаарх мэдээллийг тодрууллаа. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Хэнтий аймагт 14 настай охин нэгдүгээр сарын 24-нөөс эхэлж халуурч, 27-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч нас барсан тохиолдол бий.

Үүний шинжилгээний хариу өчигдөр гарсан.

Бид шинжилгээ хийхдээ өмнө байсан 21 вирусийг илрүүлэх шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тестүүдийг тавьсан бөгөөд хариугаар А хүрээний H3N2 вирусийн халтгалгааны хүндэрлээс болж нас барсан нь тогтоогдсон” гэлээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.