АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Филиппиний төрийн тэргүүн Родриго Дутертег эх орондоо урьсан нь олон улсыг гайхашрууллаа. Дипломат харилцаатай хоёр улсын төрийн тэргүүн нэг нэгнээ урих нь энгийн хэрэг боловч хэдхэн сарын өмнө өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн үед хоёр улсын харилцаа хүйтэрсэн юм. Дутерте Ерөнхийлөгч Б.Обамаг дорд үгээр гутаан доромжилсны дараа Цагаан ордноос хоёр талын яриа хэлэлцээгээ зогсоосон билээ. Р.Дутертегийн хар тамхины эсрэг хийж буй “дайн” ч АНУ-ын засаг захиргааны онцгой анхааралд өртөж, гэмт хэрэгтэй тэмцэх нэрээр олон мянган хүнийг хууль ёсны дагуу шүүхгүйгээр амь насыг нь хороож байгааг буруутгаж байсан. Тэгвэл Д.Трамп гарч ирснээр Б.Обамагийн үеийн энэ байр суурь өөрчлөгдөж буй бололтой.
Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн бямба гарагт хоорондоо тун нөхөрсгөөр утсаар ярилцжээ. Тэд Хойд Солонгосын асуудлаар санал солилцсон гэж Цагаан ордон мэдээлж байна.
Трамптай утсаар ярихаас өмнө Р.Дутерте АСЕАН-ын чуулганд үг хэлэхдээ “Дэлхий дээр хоёр улс маш аюултай тоглоомоор тоглож байна. Дураа хүрвэл пуужин харваж, эх дэлхийг, энэ гараг ертөнцийг эрсдэлд оруулдаг нэгэнтэй бид тоглож байна. Тэр залуу зүгээр л дэлхийг сөнөөхийг хүсч байгаа. Тийм болохоор л дандаа жаргалтайгаар инээж явдаг байх. Түүний толгойд юу бодогдож явдагийг мэдэх юм алга. Гэвч АНУ илүү хариуцлага хүлээсэн орон учраас энэ тохиолдолд илүү болгоомжтой байх хэрэгтэй. Би ноён Ерөнхийлөгчөөс манай бүс нутагт дайн битгий хийгээч гэж хүсэх байна. Яагаад гэвэл дайн гарван зүүн өмнөд Азийн бүс нутаг хамгийн их хохирол амсах болно” гэж мэдэгдсэн юм.
Тиймээс Р.Дутерте Д.Трамптай дайн гаргахгүй байх талаас ярилцсан болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч хэдхэн цагийн өмнө Хойд Солонгосын талаар хэвлэлийнхэнтэй уулзахдаа тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах уу гэсэн асуултад “Юу болохыг харж л байя” хэмээн нээлттэй үлдээсэн нь анхаарал татаж байна.
Өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгос дахин пуужин харвасан ч амжилтгүй болсон юм. Тус улсын удаа дараагийн өдөөн хатгалгыг ноцтойгоор авч үзэж буй Вашингтон дахин хориг тавих талаар бодож буй бөгөөд Хойд Солонгостой дипломат харилцаатай орнуудыг харилцаагаа таслахыг уриалаад байна.
Г.Пүрэвсүрэн
21 минутын өмнө
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87382
30496
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.