“Монголын сайхан бичигтэн” 23 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

2020-01-7 Мэдээ, мэдээлэл

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд өнөөдөр боллоо.

Шагнал гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ, “Үндэсний бичгээ дээдлэх зорилгоор 23 жилийн өмнө “Хүмүүн бичиг” сонины эхлүүлсэн энэхүү уралдааны манлайлал дор МОНЦАМЭ агентлаг гадаад хэлээрх 4 сониныхоо нэрэмжит уралдааныг мөн зохион байгуулдаг болоод байна. “Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдааны онцлогоос дурдвал, хамарсан цар хүрээний хувьд үнэмлэхүй амжилт тогтоон Баян-Өлгийгөөс бусад аймаг, нийслэлийн дүүргээс нийт 4000 гаруй хүн оролцлоо. Хамгийн олон буюу 2500 шахам бүтээл Хөвсгөл аймгаас ирүүлжээ. Оролцогчдын хамгийн ахмад нь 97 настай бол хамгийн бага нь 5 настай хүүхэд байв. Уралдааны “Сайхан бичигтэн анги” төрөлд хамгийн олон сурагч, монгол бичгийн багшийнхаа хамтаар баг болон оролцсон. Ирэх жилүүдэд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан маань улам өргөжин тэлж, нийт монголчуудыг монгол бичгээ сурах, үндэсний бичгээ эзэмшиж хэрэглэхэд нь томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын сайхан бичигтэн 2019” уралдааны долоон ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогчдод шагналыг нь гардуулж баяр хүргэсэн юм.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуус, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, шударга уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг ажлыг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв. Цаашид “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдэд уриаллаа.

Энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар гурав дахь жилдээ дэмжин ажилласан байна

Энэхүү уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын долоон шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдгаараа хамгийн их шагналын сантайд тооцогддог юм.

Оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн, хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын цэцэрлэгийн сурагч, 5 настай Ү.Эмүжин байв. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд гарынхаа бэлгийг гардуулахаар болсон юм.

Мөн уралдаанд гадаадын иргэд оролцдог уламжлал өнөө жил ч хадгалагдаж ӨМӨЗО-оос Ордос хотын Үүшин хошууны Ажил мэргэжлийн дунд сургуулийн дэд захирал Т.Хүмүүжилт уран бичлэгийн ангилалд тусгай байр эзэлжээ.

Уралдааны хамгийн өрсөлдөөнтэй бөгөөд олон сурагч оролцсон “Сайхан бичигтэн анги” ангилалд 108 ангийн 2700 гаруй сурагч өрсөлдсөнөөс тэргүүн байрт Нийслэлийн 1-р сургуулийн 9 “а” анги шалгарлаа.

“12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн сурагч Э.Энхзул, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн сурагч Н.Батчимэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р сургуулийн сурагч Ө.Сайнцэцэг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн сурагч Б.Зэсмаа нар тэргүүн байр эзэлж МУИС, МУБИС-д тэтгэлгээр суралцах эрхтэй болсон байна.

“Бичлэгийн бус бүтээл”-ийн ангилалд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ахмад багш Д.Сайнтогтох, “Мэргэжлийн багш нар” ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа шалгарчээ.

“1-11 дүгээр ангийн сурагчид” ангилалд 500 гаруй сурагч өрсөлдсөнөөс Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Урангоо, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Амарзаяа нар тэргүүн байр эзлэв.

“Уран бичлэг”-ийн ангилалд тэргүүн байрт МУЭ-ийн гишүүн, уран бичээч О.Ням-Очир, дэд байрт МУЭ-ийн гишүүн, уран бичээч Ц.Бямбажав, гуравдугаар байрт Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан Б.Арсай нар шалгарчээ.

“Насанд хүрэгчид”-ийн ангилалд тэргүүн байрт Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор, дэд байрт МУИС-ийн сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан, МУИС-ийн монгол хэл уран зохиолын хоёрдугаар ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр нар шалгарсан юм.

Түүнчлэн Их эрдэмтэн, академич Шадавын Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтнаар УБ хотын Чингэлтэй дүүргийн БСУГ-ын хамт олон, Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтнаар Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8-ын “В” ангийн хамт олон, бэлтгэсэн багш Н.Батцэцэг, Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтнаар Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 10-ын “А” ангийн хамт олон, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар, МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтнаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн 10-ын “А” ангийн хамт олон, бэлтгэсэн багш Н.Номинтуяа нар тус тус тодорсон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.