УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар заасан. Энэ дагуу Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, тухайн салбарын хувийн хэвшлийн байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангуулсан бөгөөд тухайн чиглэлээр хэд, хэдэн удаагийн хурал, уулзалтыг зохион байгуулах болон цахим вэб хуудсанд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч, хуулийн төсөлд тусгасан боловсруулсан гэж байлаа.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, орон сууцны ашиглалт хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээ, эрх, үүргийг шинээр тодорхойлох, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хангах боломжтой болно. Мөн иргэд, олон нийтэд хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжтой болж, сууц өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилго нь орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар сууц өмчлөгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг төрөөс хангахтай холбоотой харилцааг зохицуулахад чухал ач холбогдолтой хэмээн дурдсан байлаа.
Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд гэр хорооллын амины орон сууцыг хамруулсан эсэх, хууль батлагдсанаар газрын үнэлэмж өсөх талаар лавлаж байлаа. Мөн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад авч байгаа арга хэмжээ, орон сууцны ашиглалтыг мэргэжлийн байгууллагад харьяалуулах талаар илүүтэй сонирхож байлаа.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, хуулийн төсөлд орон сууц гэдэгт гэр хорооллын амины орон сууц хамаарч байгааг тодотгоод салбарын яамны зүгээс нийслэлийн 50 байршилд дэд бүтцийн төв байгуулахаар болсныг дурдав. Түүнчлэн дэд бүтцийн хангамжтай болсон байршлуудад газрын үнэлэмж нэмэгдэнэ. “150 мянган айл орон сууц үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан дэд бүтцийн хэсэгчилсэн төвийг байгуулснаар 12-15 мянган айл инженерийн шугам сүлжээнд холбогдоно гэж тооцсон гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, улсын хэмжээнд 1064 СӨХ, 130 гаруй мэргэжлийн байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон бусад өргөдөл, гомдол шийдвэрлэдэг байгууллагуудын дүн мэдээллээс үзэхэд 1000 гаруй гомдол, хүсэлтийн гуравны нэгийг СӨХ болон орон сууцны ашиглалттай холбоотой маргаан эзэлж байна. Үүнээс бид орон сууцны ашиглалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулахаар тусгаж өгөх шаардлагатай гэж үзсэн гэв.
Ингээд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.