БНХАУ анх удаа нисэх онгоц тээгч үйлдвэрлэлээ

2017-04-27 Ертөнц

Урд хөрш БНХАУ-ын зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадал сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдэж байгаа. Өчигдөрхөн тус улс дотоодоо загвар дизайныг нь гаргаж, өөрсдөө бүтээн босгосон нисэх онгоц тээгч анхны хөлгөө олон нийтэд танилцууллаа. Хараахан нэр өгч амжаагүй байгаа энэ нисэх онгоц тээгч хөлгийг босгож буйгаа 2015 онд Хятад зарласан юм. Хятадууд өөрсдөө бие даан загварыг нь гаргасан энэ хөлөг технологийн хувьд АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгөөс дутуу дулимаг зүйл ихтэй ч БНХАУ-ын хувьд том ололт амжилт болж байгаа юм. “Магадгүй хятадууд энэ туршлага дээрээ үндэслэн дараагийн хөлөг онгоц тээгчийг аль хэдий нь босгоод эхэлсэн байх. Тэр нь АНУ-ын хөлгүүдтэй дөхөж очихуйц өндөр түвшинд бүтээгдэж байж ч болох юм” хэмээн шинжээчид таамаглаж байна.

Хэдийгээр нисэх онгоц тээгч хөлгийн нээлтийг оргилуун дарс задлан, армийн генерал үзэж танилцан ёслол төгөлдөр хийсэн ч 2020 оноос л үйл ажиллагаанд орох юм байна. БНХАУ үүнээс гадна нэг нисэх онгоц тээгчтэй. Тус улс 1998 онд Украинаас нисэх онгоц тээгч худалдан авч, томоохон засвар, өөрчлөлт шинэчлэл хийсний дараа Лиаонин хэмээн нэрлэж 2012 оноос үйл ажиллагаанд оруулсан юм.

БНХАУ батлан хамгаалахын зардлаараа дэлхийд хоёрт бичигдэж, жилдээ 148 тэрбум ам.доллар зарцуулдаг. Өмнөд Хятадын тэнгист эзэн суух сонирхолтой тус улс гэхдээ тэнгисийн цэргийн хүчний техник баазын хувьд сул гэж шинжээчид үздэг.

АНУ гэхэд нисэх онгоц тээгч 10 хөлөгтэй. Хятад дор хаяж 5-6 нисэх онгоц тээгч хөлөгтэй байх хэрэгтэй гэж дотоодын шинжээчид нь үздэг юм.

Б.Номун

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.