Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заавал тусгай орчин шаардлагагүй

2019-10-29 Мэдээ, мэдээлэл

Нийгмийг бүрдүүлэгч нь хүн. Үүнтэй ижил хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч энэ нийгмийг бүрдүүлэгч нэгээхэн хэсэг нь юм. Харамсалтай нь үүнийг олон нийт болоод төр засаг төдийлөн мэддэггүй. Шулуухан хэлэхэд, энэ талын мэдлэг мэдээлэл хомс байгаа нь алхам тутамд мэдрэгддэг гэнэ. Ганцхан жишээ татахад, орон сууц болоод төрийн үйлчилгээний байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авах орчин нөхцөл тун хомс. Тиймээс тэд заавал хэн нэгний тусламж үйлчилгээ авах шаардлага бий болдог.

Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж хүртэгч мэтээр ойлгож, төөрөгдсөөр өнөөг хүрсэн хэмээн тэд ярьж байна.

Энэ мэтчилэн тулгамдаж байгаа тулгамдаж байгаа бэрхшээл болоод асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар туршлага солилцохоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс” маргааш Шангрилла зочид буудалд эхэлнэ. Ерөнхий сайдын ивээл дор хоёр өдөр зохион байгуулагдах энэ удаагийн Конгресс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн туршлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийхээр төлөвлөсөн.

Конгрессийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр “Оролцоо шинийг санаачлагч болох нь” сэдэвт семинар зохион байгуулагдлаа. Семинарийн үеэр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн нийгэмд оролцоогоо нэмэгдүүлж, ажлын байртай болох, өөрсдийгөө хараат бусаар хэрхэн хөгжүүлж болох талаар урьдчилсан шатны хэлэлцүүлэг өрнүүлж, маргаашийн их хуралд бэлдсэн.

Семинарийн үеэр оролцогчид хоорондоо танилцаж, Ази номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, яаж шийдвэрлэсэн сайн жишээ болгоныг хэлэлцэж байлаа.

Тус семинарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна тэдий эрх ашгийн хамгаалах, дуу хоолой нь болж яваа төрийн бус байгууллагуудын төлөөлөл ч оролцсон. Тэдний зүгээс маргааш болох Конгрессийн үеэр дэлхийн нийтийн жишигт хэдийнэ хэвшсэн тогтолцооны талаар бүс нутгийн иргэдийн дуу хоолойг сонсож, туршлага хуваалцахаар ирсэн аж. Улмаар тэрхүү тогтолцоог эх орондоо нутагшуулах боломж бололцоог өөрийн иргэддээ ч танилцуулах гэнэ.

“Бие даан амьдрах” хэмээх нийгмийн хамгааллын энэхүү тогтолцоо нь Монгол Улсын хувьд шинэлэг зүйл. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад хамгийн чухал хүчин зүйл болохыг төрийн бус байгууллагын удирдлагууд онцолж байсан.

Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэгч биш бөгөөд тэд өөрсдийнхөө асуудалд эзэн байж, оролцож, зохион байгуулж, үүрэг хариуцлагаа хүлээгч нь байхыг тус тогтолцоогоор бий болгох юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүхэн нийгмийн амьдралд оролцож болно. Сургууль, цэцэрлэгт хамрагдаж, ажлын байраар хангагдах гэхчлэн. Гол нь заавал тусгай орчинд, асрамжийн төвд эсвэл гэртээ цоожтой байж, хэн нэгэн хүнийг хүлээх шаардлагагүй. Шаардлагатай гэвэл үүнийг хувийн туслах үйлчилгээ хийх, улмаар тэдэнд мэдлэг мэдээлэл олгож, бусдын амьдрал амьдрах боломжийг бий болгохоороо онцлогтой.

Мөн хүн бүрт тэгш хүртээмжийг бий болгосноор асуудал эцэслэгдэнэ гэдгийг ч хэлж байлаа. Иймээс энэ асуудлаа маргааш танилцуулах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.