УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үед чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар батлагдлаа. Харин АН-ын зөвлөлийн гишүүд болон О.Баасанхүү гишүүн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг дэмжилгүй унагасныг эсэргүүцэн чуулганы танхимыг орхин гарсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг нэмэв.
-Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор, эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
-Шүүхийн сахилгын хороо ажиллана.
-Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
-УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
-УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
-УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
-Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
-Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
-Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн морин цагаас эхэлж дагаж мөрдөнө.