Эрт галавын цагт арслан заантай цуг бэлчиж явсан юм гэнэ билээ. Лавтайя 100.000 жилийн өмнө ЕвроАзийн уудам нутагт сүрэглэн амьдарч байгаад ямархан тавилангаар бидний үе хүрснийг хэн ч таашгүй. Өнөөх арслан заан, үсэрхэг хирс, аварга буга, богино эвэрт бизон үхэр гэх мэт амьтад нь хэдийнэ үхэж үрэгдээд дуусчихсан байхад энэ амьтан л үлджээ. Бөмбөрцөг дэлхийн уудам орон зайд монгол хэмээн овоглож, Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний талаас өөр хаана ч байхгүй амьтан юм.
Амьтан судлалд тухайн амьтныг уугуул нэрээр нэрлэх гэсэн ойлголт бий. Бөгтөр нуруутай энэ амьтан үргэж, цочоод цахилахаараа урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй давхина. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд бөхөн гэж нэрлэсэн гэлцдэг. Хул шарга, халиун шарга зүстэй байх нь говийн газар оронтой ивээл өнгөтэй байлгах гэж байгаль эх зүсэлсэн биз ээ. Тэсрэлттэй асар их хурд гардаг учир хээрийн чоно хөөгөөд гүйцдэггүй гэнэ. Сүүлийн үеийн малчид бэлчээр тахалдаг хэмээн ад үзэх ч цаг ямагт сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг бордож харин ч тустай гэдэг. Тэр хэзээ ч хар сүүлт, цагаан зээртэй бэлчээр булаацалддаггүй ажээ. Амьтан судлаачид бөхөнд байдаг нэгэн гайхалтай чанарыг шагшин хэлэлцдэг. Бөхөн хурдан давхихаас гадна усанд гайхалтай сэлэх чадвартай гэх юм билээ. Хагас километр түүнээс ч хол зайг туулан сэлэх чадвартай тул өргөн голыг амархан гаталдаг аж. Бөхөнгийн хэтэхий соргог амьтан. Үнэрлэх чадвар онцгой сайн хөгжсөн. Үр төлөө үнэрээр эх нь таньдаг, иддэг ургамлаа ч үнэрээр тодорхойлдог. Зуд турхан гарсан үед бөхөнд өвс тэжээл тавьж үзсэн ч огт хөндөхгүй орхисон байдаг. Өөрийнх нь өстөн дайсан болох хоёр хөлт хохимой толгойтын үнэр гардаг учир идэхээс сэрэмжилдэг биз ээ. Хурц сонсголтой учир өчүүхэн чимээг ч сонсдог. Хуурай өвсний шарчигнах чимээг мэддэг аж. Соргог учир тэр дээр өгүүлсэн эрт галавын амьтдаас ганцаар үлдсэн биз ээ.
Дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад тус тус бүртгэгдсэн тус амьтныг 1930 оноос эхлэн агнахыг хориглон дархалсан ч хулгайн агнуур уг амьтны ховордох гол шалтгаан болдог. Бөхөнтэй нутгийн 67 хувьд нь хулгайн агнуур гардаг гэсэн тооцооллыг байгаль хамгаалагчид, судлаачид гаргасан байх юм. Махыг нь идэж, арьс үсийг нь хэрэглэхгүй ч эрэгчин буюу хэржинд байх 40 см хүрэх тунгалаг цайвар өнгөтэй шорон эвэрийг нь авах гэж түүн руу буу шагайдаг. Энэхүү эврийг нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг бөгөөд хятадууд асар өндөр үнээр авдаг.
Бөхөн соргог ч богино настай. Хамгийн ихдээ л 4-5 жил амьдарна. Нэгэнт богино настай учир эрт үржилд орно. Бут сондуул, хад чулуу бараадан сонор соргогоор идэшлэнэ. Янзагаа дагуулсан хэрэгчин төлөө цадтал нь хөхүүлчихээд аль нэг газар унтуулж орхино. Хамгийн нялх янзага ч эхийгээ иртэл огт хөдөлгөөнгүй хэвтдэг гэж байгаа. Өршөөлгүй хатуу ертөнцөд өөрийг нь хамгаалах зөнг бурхан харамгүй өгсөн нь тэр.
Говь цөлийн амьтны аймгийн идэш, тэжээлийн гинжин холбооны төв хэсэгт энэ тууртан оршино. Чоно, шилүүс, мий зэрэг араатан тас, цармын бүргэд зэрэг мах идэшт шувууд монгол бөхөнг барьж иднэ. Сэг үлдэцээр үнэг, хярс, үен, элээ, хэрээ, шаазгай зэрэг мах идэшт олон зүйл махчин шавж идэшлэнэ.
Мялзанд дарлуулсан бөхөн
Нүүрном дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн албан ёсны хуудас хэржин, хэрэгчин, янзага гурвын мялзан өвчинд тарчилж буй бичлэгийг оруулжээ. Бөг бөг гудчих амьтдын дүрсийг камерт буулгаснаас нэг өдрийн хойно тэд цөм үрэгджээ. Ойролцоогоор 1000 гаруй бөхөн үхэж, 700 гаруй сэг зэмийг устгаад байна гэсэн албан бус тоо байгаа аж. Цаашид хэчнээн нь хорогдохыг хэн ч үл мэднэ. Монголын баруун говийн чимэг болсон энэ амьтныг бидний энэ үед эн чигээр үхэж, үрэгдээд дуусвал юутай эмгэнэлтэй. Судлаачид хөдөө аж ахуйн зөв бодлого, бэлчээрийн эрүүл ахуйд анхааарал хандуулах цаг нэгэнт болсны дохио асар их үнээр ирж байна хэмээж байна. Засгийн газраас уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, 450 орчим сая төгрөг төсөвлөөд байгаа аж. Энэ мөнгийг Ховд аймгийн зарим сумд, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Шарга, Дарви сумын нутагт шинээр пост байгуулах үйл ажиллагаанд зарцуулах аж.
- “Амьтан хамгаалах сан”-гийн тэргүүн С.Дамдинсүрэнгээс ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулсан юм.
–Дархан цаазат бөхөн олноор үхэх боллоо. Таныг БОАЖЯ-наас гаргасан бөхөн хамгаалах ажлын хэсэгт байгаа гэж сонссон. Та бүхэн ямар ажил зохион байгуулах гэж байгаа вэ?
-Би ажлын хэсэгт нь байж байгаад гарчихсан. Агнуурзүйч н.Цэрэнноров бид хэд бөхөнг вакцинжуулая гэсэн санал гаргасан юм. Энэ санал маань дэмжигдээгүй. 1950 оны орчимд хоёр удаа вакцинжуулж байсан юм билээ. Эрүүл бөхөнгүүдийг барьж аваад вакцинжуулбал цөм сүргийг нь хамгаалж энэхүү биологийн төрөл зүйлийг авч үлдэх боломжтой юм.
-Өөр оновчтой шийдэл юу байдаг юм бол. Энэ өвчинг эмчилгээгүй гэх юм билээ?
-Бид сүрэгт байгаа ядруухан бөхөнг буудаж устгая гэсэн санаачлага гаргаад бас дэмжигдээгүй. Нэгэнт сэхэхгүй амьтныг удаан зовоохгүй бас эрүүл бөхөнгүүдээ өвчин халдаахгүй байх давуу талтай юм. Нэгэнт гаргасан саналууд маань ажил болохгүй учир би ажлын хэсгээс гарчихлаа.
-Үхсэн бөхөнгийн эврийг худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл гараад байх юм. Энэ үнэн үү?
-Тийм мэдээлэл ажлын хэсэг дээр яригдаж байсан. Ингэж болохгүй л дээ Малаас хүнд халддаг өвчин учраас сэг зэмийг нь шууд устгалд оруулах учиртай.
Эх сурвалж: Newsmedia.mn
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.