Брижит Тронье ба Францын ер бусын тэргүүн хатагтай нар

2018-03-19 Ертөнц

Францын ер бусын тэргүүн хатагтай нарын нэрсийн жагсаалтад Брижит Тронье хэмээх эмэгтэйн нэр бичигдэж магадгүй нь. Тэр бол өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд хамгийн өндөр санал авч, дараагийн шатанд өрсөлдөхөөр тунаж үлдээд буй Эммануэль Макроны эхнэр юм. Харин ер бусын гэж яагаад тодотгосныг одоо тайлбарлая.

64 настай, долоон хүүхдийн эмээ болсон энэ эмэгтэй нөхрөөсөө 25 насаар эгч юм. Өөрөөр хэлбэл, Эммануэль Макрон Ерөнхийлөгчөөр сонгогдвол Франц улс түүхэндээ байгаагүй залуухан төрийн тэргүүнтэй болох ч тэргүүн хатагтай нь нас тогтсон эмэгтэй байх нь. Өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байснаас өөрөөр улс төрийн сонгуульт албан тушаалд огт өрсөлдөж байгаагүй, нэр цэвэр, залуу улстөрч Эммануэль Макрон одоо 39 настай. Өмнө нь хөрөнгө оруулалтын банкир байсан тэрээр Ерөнхийлөгч Франсуа Олландын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад сайд болсон бөгөөд өнгөрсөн намар өөрийн гэсэн нам байгуулсан нь маш богинохон хугацаанд 200 мянган гишүүнтэй том нам болоод байгаа юм. Францын улс төрд гэнэтхэн тодрон гарч ирсэн энэ залуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр рейтингтэй нэр дэвшигч бөгөөд Франсуа Олландын халааг авч,  төрийн тэргүүн болоход тун ойрхон байгаа юм. Тийм ч учраас түүний хувийн амьдралыг олон нийт ихээхэн сонирхож байна.

Үнэндээ түүний хувийн амьдрал ч хүний сонирхол татахаар аж. Учир нь, Эммануэль Макрон 17 насандаа учирсан анхны хайртайгаа гэрлэжээ. Хачирхалтай нь юу гэхээр түүний анхны хайр нь ахлах сургуулийн багш, өөрөөс нь 25 насаар эгч, гэр бүлтэй нэгэн байв.

Тэр үед Макрон Францын умард хэсгийн Амиен хэмээх хотын хувийн сургуульд сурдаг байжээ. Уран зохиол, ном, жүжигт дуртай өсвөр насны хүү Брижит Троньегийн заадаг жүжгийн дугуйланд 15 наснаасаа явж эхлээд л түүнд дурлажээ. Ингээд тэр 17-той байхдаа багшдаа “Юу ч болсон би тантай гэрлэнэ” гэж амлаж байжээ.

Тэр үед 30 гарсан, гурван хүүхэдтэй болоод байсан Брижит Тронье шавийнхаа дурлалд эргэлзэж байсан ч түүнийг 18 нас хүрэх үед өөрөө ч хайртай болсон байжээ. Макроныг Парис руу сурахаар явахад нь гэр бүлээ орхин араас нь очсон байна.

Энэ тухай Брижит хэвлэлд ярихдаа “Бага багаар би түүнийг эсэргүүцэхээ больж, нэг  л мэдэхэд дурласан. Тэр өсвөр насны жаахан хүү байгаагүй. Яг л насанд хүрсэн хүн мэт байсан” гэжээ.

Тэр үеэс хойш Эммануэль Макрон, Брижит Троньетэй хамт байгаа бөгөөд тэд 2007 онд хуримаа хийжээ. Гэхдээ эхнэр нь түүний овгийг аваагүй аж.

Анх Макроныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж эхлэхэд түүний гэр бүлийн талаар хэвлэлүүд маш их сонирхон бичсэн юм. Харин тэр үед Эммануэль Макрон энэ сэдвээс ичиж нэрэлхэн дарахыг хүсээгүйгээр барахгүй харин ч өөрийг нь өдий зэрэгтэй хүн болоход эхнэрийнх нь дэмжлэг маш их байсан хэмээн ярьсан байдаг. Тэд үнэхээр ч цаг ямагт хамт байдаг  бөгөөд сонгуулийн кампанит ажлынх нь голыг эхнэр нь нугалдаг гэнэ.

Э.Макроныг сонгуулийн эхний шатанд ялсны дараа ч Брижит ярилцлага өгөхдөө “Бид Францын улс төрийн түүхэнд шинэ хуудас нээж чадлаа” гэж хэлжээ. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Брижит түүний ард бат найдвартай зогсч, хамтдаа ажиллах болно гэдгийг Макрон сонгогчдын өмнө анхнаасаа хэлж байв.

Францын төрийн албанд парламентын гишүүд, сайд дарга нарыг эхнэр, хүүхдээ туслах, зөвлөхөөрөө ажиллуулахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Тиймээс францчууд хэрэв ирэх сарын 7-нд болох сонгуулиар Эммануэль Макроныг дэмжвэл түүний эхнэр ч төрийн эрх барихад гол нөлөөтэй хүмүүсийн нэг болох нь тодорхой байна.

Ер нь, бусад улстай харьцуулвал Францын төрийн тэргүүнүүд ер бусын гэр бүлийн амьдралтай, сонирхолтой түүхтэй хүмүүс байдаг. Хамгийн саяхны цөөн жишээг л сануулахад Ерөнхийлөгч Франсуа Миттеран нууц хүүхэдтэй байсан нь 20 жилийн дараа илэрсэн бол Жак Ширак гэр бүлээс гадуурх явдлаараа алдартай нэгэн байв.

Ерөнхийлөгч Николь Саркози 2007 онд сонгогдоод удаагүй байхдаа эхнэрээсээ салсан билээ. Түүний эхнэр бие хамгаалагчтай нь хайр сэтгэлийн холбоотой болоод түүнийг орхиж явсан гэж тухайн үед шуугьж байв. Энэ явдлаас хойш төд удалгүй Ерөнхийлөгч их ажлынхаа хажуугаар шинэ хайр дурлалтайгаа учирч, Италийн топ модель Карла Бруниг эхнэрээ болгон авсан билээ. Тэгвэл Саркозигийн халааг авсан Франсуа Олланд Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ албан ёсоор батлуулсан гэр бүлгүй, хамтран амьдрагчтайгаа хамт Елисейн ордонд ирсэн. Гэвч түүний жүжигчин бүсгүйтэй учир ургуулсан явдал хэвлэлүүдээр илчлэгдсэний дараа хамтран амьдрагч Валерий нь түүнээс салж, дуулиантай харилцааныхаа тухай ном хүртэл гаргаж амжсан юм.

Үе үеийн Ерөнхийлөгч нарын гэр бүлийн амьдралд ийм сонин содон зүйл тохиолдож байсан ч францчууд улстөрчдийн ар гэр, хувийн амьдралд оролцох ёсгүй гэдэг төлөвшсөн үзэл бодлоороо хэзээ ч шүүмжлэл уралдуулж байгаагүй юм. Энэ удаа ч залуухан улстөрч Эммануэль Макроны гэр бүлийн амьдрал бол түүний сонголт хэмээн хүндэтгэлтэй хандаж байгаа аж.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.