Б.Сангидорж: Шарилж идсэн малын мах идвэл харшил сэдэрдэг

2021-01-22 Эрүүл мэнд

           Газар гэсч, урин цаг ирэхтэй зэрэгцэн харшил үүсгэгч шарилж цэцэглэж эхэлдэг. Тиймээс цэцэглэхээс нь өмнө таналт хийх нь чухал гэж  АӨСҮТ-ийн Харшил судлалын лабораториос мэдээллээ. Тус лабораторийн эрхлэгч Б.Сангидоржоос энэ талаар тодрууллаа.

-Улирлын чанартай ургамлын харшлаас иргэдийг хамгаалах ямар боломж байна вэ?

-Харшил үүсгэгч ургамлуудын зонхилогч нь 10 зүйлийн шарилж байдаг. Шарилжийг зөвхөн зулгаан авснаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг биш юм. Учир нь уг ургамлыг цэцэглэхээс нь өмнө 6-7 см-ийн таналт хийх ёстой. Гэтэл тоосоо хүртээж байгаа үед нь зулгаагаад нэмэргүй юм. Ийм техникийн зөрчил гаргахгүй байвал нийгмийн эрүүл мэндийг хамгаалж болно. Хотын захиргаа мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч шарилжийг цэцэглэхээс нь өмнө анхаарч ажилламаар байна.

-Цэцэглэхээс нь өмнө нэг удаа таналт хийхэд болох уу. Харшил үүсгэгч ургамал хэзээ цэцэглэдэг вэ?

-Таналтыг хэд хэдэн удаа хийх шаардлагатай. Тухайлбал, зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос долдугаар сарын эхний долоо хоног, наймдугаар сарын 15-30-ны хооронд таналт хийх хэрэгтэй.

Ургамлын тоосны харшилтай хүн хэр олон байдаг вэ. Энэ талаар судалгаа бий юу?

-АӨСҮТ-д 2008 онд 71 мянган иргэн хандсан тоо бий. Харин энэ онд 68 мянга гаруй хүн хандаад байна. Үүний 35-45 хувь нь ургамлын тоосны харшилтай хүмүүс. Энэ нь зөвхөн манайд хандсан хүмүүсийн тоо. Үүнээс гадна орон нутагт харшилтай хичнээн хүн байгааг хэлж мэдэхгүй байна. Ургамлын харшилтай хүмүүс өглөө эрт юм уу үдэш гадуур гардаг. Энэ нь өдөр ургамлаас харшил нь ихэсдэг гэсэн буруу ойлголтоос болдог.

-Тэгэхээр өдөр гадагшаа гарах нь зөв гэсэн үг үү?

-Тийм. Шарилж буюу хогийн ургамал 4.00-9.00, 17.00-22.00 цагт тоосоо гөвдөг. Тиймээс энэ үеэр харшилтай иргэд салхивчаа хааж, гадагшаа гарахгүй байх хэрэгтэй.

-Ургамлын харшлаас сэргийлэх тарилга байдаг уу?

-Харшлын намжмал үе буюу X-XI, III-IV сард манай төвийн Харшил судлалын лабораторид сорил тавьдаг. Ямар ургамлаас харшилтайгаа мэдэхгүй байгаа иргэд сорил тавиулж мэдэх шаардлагатай. Үүнийг тогтоолговол тухайн ургамлын тоосноос  сэргийлэх тарилга хийлгэж болно.

-Харшил үүсгэгч ургамал ихсэх болсон шалтгааныг олсон болов?

-Үүнийг байгалийн ургамлын доройтлоос болсон гэж хэлэх байна.

-Харшлын эсрэг эмчилгээ хийхэд бүрэн эдгэрэх үү?

-Эдгэрэх эсэх нь эмч, өвчтөн хоёроос шалтгаална. Дэлхийн дахинд харшлын эсрэг эмчилгээний үр дүнг өвчний давтамжийг уртасгаснаар тооцдог. Тухайлбал, ямар нэгэн хүнсний ногооноос харшилтайгаа мэдвэл насан туршдаа тэр ногоог хэрэглэхгүй байх нь хамгийн зөв арга.

-Шарилж идсэн малын махнаас харшилтай болдог гэх яриа байна. Үнэхээр харшилтай болдог юм уу?

-Сүүлийн жилд зарим малын махнаас шарилж амтагдах тохиолдол гарсан. Шарилж идсэн малын мах идвэл харшил сэдэрдэг.

Эх сурвалж: Newsmedia.mn

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.