Озоны давхаргыг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал
Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулж болно. Ердөө л озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, эйр кондишн, хөргөх лангуу зэрэг хөргөх тоног төхөөрөмж худалдан авахгүй байхад болох юм.
Монгол Улс 2030 он хүртэл гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг зогсооно
Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орж озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал, жил бүр олон улсын конвенцоор хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу бусад улс орноос импортлох бодисын тоо хэмжээ квотыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар баталж, тусгай зөвшөөрөл олгож, тэдгээрт хил, гаалийн байгуулага, ажилтнууд хяналт тавьж байгаа. Ингэснээр Монгол Улс 2030 он хүртэл гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (HCFC) бодисын хэрэглээ импортыг бүрмөсөн зогсоож олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах юм.
Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид сүүлийн үеийн озон-уур амьсгалд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, урамшуулах журам батлагдсан.
ЯАГААД HCFC ТӨРЛИЙН БОДИСУУДЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ВЭ
Гидрохлортфторт нүүрстөрөгч нь озон задлах бодис тул олон улсын хэмжээнд Монреалийн протоколыг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэл болон хэрэглээг үе шаттайгаар бууруулахаар шийдвэрлэсэн. Гидрохлортфторт нүүртөрөгч нь дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалж буй озоны давхаргыг цоолж мөн уур амьсгалын өөрчлөлтийг бий болгодог хүлэмжийн хийн нэг төрөл болдог.
Өнөөгийн байдлаар Монгол улсын зах зээлд хөргөлт, агааржуулалтын зориулалтаар хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд, иргэн, худалдааны байгууллагууд хэд хэдэн төрлийн хөргөх бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортолж байна. Озоны үндэсний алба, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран боловсруулсан “Гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн төрлийн хөргөх бодисын үндэсний тооллого болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай орлуулах бодисыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох судалгаа”-ны ажлын тайлангаас үзвэл 2013, 2015 онд Монгол улсад импортоор орж ирсэн нийт хөргөх бодисын 54 хувь, хөргөх бодис агуулсан тоног төхөөрөмжийн 74 хувийг хөрш БНХАУ-аас импортолсон байна. БНХАУ нь Монреалийн протоколын Тал улс орны хувьд тус улсын хөргөлт, агааржуулалтын салбарт HCFC-22 хөргөх бодисын үйлдвэрлэлийг эрчимтэй бууруулан түүнийг орлуулах бодисоор R290 бодисыг сонгож үйлдвэрлэлийн шугамын хувиргалт зэргийг эрчимжүүлж байна. Цаашид тус улсын хөргөлт, агааржуулалтын салбарт 2030 он гэхэд нийт үйлдвэрлэлийн 80 хувийг R290 хөргөх бодистой тоног төхөөрөмж эзэлнэ гэсэн зах зээлийн чиг хандлагатай байна.
ОЗОН ЗАДАЛДАГ ЗАРИМ БОДИС БА ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЛЭЭ
Озон задалдаг бодис(ОЗБ) буюу хлортфторт нүүрстөрөгч(CFC) бодисыг хөргөгч, агааржуулагч, машины агаар сэлгүүр, XPS– шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн үлээлгэн хөөсрүүлэгч, шүршигч үнэртэн, цахилгаан барааны цэвэрлэгээнд уусгагчаар хэрэглэх зэрэг олон салбарт ашигладаг.
Гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC) бодисыг сүүлийн үед хлортфторт нүүрстөрөгч (CFC) шиг түгээмэл хэрэглэх болов. Озон задлах чадвар багатай ч HCFC бодис нь дэлхийн дулаарлын шалтгаан болох хүлэмжийн хийн нэг төрөл.
Мөн цаашилбал хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, техник технологид хэрэглэдэг озон задалдаг бодисыг бууруулснаар түүнийг орлуулах дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ/GWP) багатай хөргөх бодисын хэрэглээ нэмэгдэж байна. Эдгээр бодисын олонх нь шатамхай, хортой буюу эсвэл өндөр даралтад ажилладаг. Урьд нь хэрэглэгддэг байсан 2010 оноос дэлхий нийтээр хориглосон хлортфторт нүүрстөрөгчид (ХФН/CFC) болон одоо дэлхий нийтээр хэрэглээнээс хумигдаж буй гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисоос дээрх хөргөх бодисууд ялгаатай учир техникийн ажилтануудад төдийлөн танил биш юм. Ийм төрлийн хөргөх бодистой хөргөлт, агааржуулалтын төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, задаргааг хийхдээ аюулгүй ажиллагааны үүднээс анхааралтай хандах шаардлагатай байгаа. Тиймээс ДДНЧ/GWP багатай хөргөх бодистой харьцан ажилладаг техникийн ажилтнуудыг сургах, тэднийг сургах сургагч багшийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж байна.
Үүнтэй уялдуулан зохион байгуулах сургагч багшийг бэлтгэх сургалт нь хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, техник технологид хэрэглэдэг R32, R290 зэрэг орлуулах хөргөх бодисыг аюулгүй ашиглах арга ажиллагааг нэгдсэн байдлаар, зөв зохистой, аюулгүй гүйцэтгэж сургах хэрэгтэй байгаа.
HCFC-22 хөргөх бодис хэрэглээнээс гарч байна
HCFC-22 буюу R-22 агуулсан хөргөлт, агааржуулалтын техник, тоног төхөөрөмж нь дэлхий нийтээр хоцрогдож үе шаттайгаар хэрэглээнээс гарч байгаа. Гэтэл компаниуд импортлон зах зээлд нийлүүлсээр байна. Тэдгээр нь HCFC-22 хөргөх бодис агуулж байгаа нь цаашид та бүхний ашиглалтын зардал нэмэгдэх, засвар үйлчилгээ авах, ашиглах боломжгүй болох тул худалдан авах, гэрээ байгуулахаасаа өмнө ямар хөргөх бодистойг нь заавал асууж байгаарай. Лавлахгүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд Та эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.