Елисейн талбайд болсон буудалцааны талаар Парис хотын прокурор Франсуа Молинг хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр цагдаа нартай буудалцаж, алуулсан гэмт этгээд нь Карим Чеурфи гэгч 39 настай этгээд бөгөөд Калашников гэгддэг Ака-47 буугаар гал нээж, цагдаагийн ажилтны толгой тус газарт нь хоёр удаа буудаж амийг нь хөнөөсөн гэж мэдээлсэн байна.
Гэмт этгээдийн цогцосны дэргэдээс “Исламын улс” бүлэглэлийг дэмжсэн утгатай тэмдэглэл олдсон боловч одоогоор исламын хэт даврагсадтай холбоотой байсан гэх ямар нэг сэжүүр байхгүй байгаа гэж прокурор мэдэгджээ.
Зэвсэгт этгээд орон нутгийн цагаар пүрэв гаригийн 20.47 цагт Елисейн талбайд ирж, унаж явсан Audi маркийн автомашинаа цагдаагийн автобусны ойролцоо байрлуулсан байна. Автомашинаасаа бууж, цагдаагийн автобусны цонх руу буудаж, дотор нь сууж байсан цагдаагийн офицерийн амийг хөнөөжээ. Дараа нь автобусыг тойрч, Туркийн аялал жуулчлалын байгууллагын гадна байсан хоёр цагдаа руу гал нээсэн байна. Харин аюулгүйн албаныхан Чеурфийг буудаж хөнөөжээ. Хэрэгт холбогдуулан Чеурфигийн гэр бүлийн гурван хүнийг баривчлан, шалгаж эхэлсэн байна.
Болсон явдлын дараа “Исламын улс” бүлэглэл мэдэгдэл гаргаж, “Абу Йосиф аль-Белгики” гэх бельги гаралтай дайчин халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Гэтэл “Исламын улс” халдлага үйлдсэн этгээдийн нэрийг буруу мэдээлсэн нь ойлгомжгүй. Дээрээс нь тэд өөр халдлага төлөвлөсөн байж болзошгүй гэх цагдаагийн байгууллагын мэдээллийг “Ройтерс” дамжуулжээ.
Гэмт этгээд өмнө нь дөрвөн удаа гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд цагдаагийн офицерийг бүрэлгэх санаагаа ч ярьж байсан гэнэ. Үүний улмаас өнгөрсөн хоёрдугаар сард баривчлагдаж, цагдаагийн ажилтнууд гэрт нь нэгжлэг хийж байжээ.
Тухайн үед түүний гэрээс хутга, баг, GoPro камер зэрэг олдсон боловч хангалттай нотлох баримт биш гэж үзэж суллажээ. Чеурфи нь 1977 оны арванхоёрдугаар сарын 31-нд Парисын зүүн хойд хэсэгт төрсөн. Хүний амь хороохыг завдсан, танхай болон хулгайн хэргээр дөрвөн удаа саатуулагдаж байсан нэгэн аж.
Б.Номун
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.