Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг энэ сарын 15-наас үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.
Засгийн газрын хуралдаанаар, Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр ТЭЗҮ-д заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэсэн байна. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгажээ. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулсан юм.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, “2013-2015 онд энэ замын доод бүтцийн ажил 51.8 хувь, газар шорооны ажил 86.6 хувь, гүүр, хоолойн ажил 52 хувьтай буюу нийт 276.3 сая ам.долларын ажил хийсэн байна. Замын өртөг нийт 807 сая ам.доллар байх юм. Тиймээс үлдэгдэл 531.4 сая ам.долларыг босгохоор Монголын төмөр зам ХНН, Эрдэнэс таван толгой ХХК хамтран ажлын баг байгууллаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортлох боломжтой. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх авто замаар нүүрс тээвэрлэх өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Төмөр замтай болсноор энэ өртөг 14.9 ам.доллар болж буурах юм. Тиймээс энэ зам Монгол Улсын экспортыг нэмэхэд онцгой ач холбогдолтой” хэмээв.
Засгийн газрын шийдвэрээр, замын инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгосон байна.
Харин Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын ажил хэвийг үргэлжилж буйг сайд Б.Энх-Амгалан мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр, “Энэ замын ажилд долоон худаг гаргах ёстойгоос гурвыг нь ашиглалтад оруулсан. Одоо гурван худгийн ажил дуусах шатандаа орж байна. Усны асуудлыг шийдсэн. Нийт 90 км замын зургийн ажил хийж байгаа. Энэ замд туслан гүйцэтгэгчээр 8 компани, Зэвсэгт хүчний Төмөр замын 77, 81 дүгээр анги ажиллаж байна” гэв.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.