Анзаарах нь ээ шагайтай айл ховор болж. Тэр ч бүү хэл яаж тоглодгийг мэдэх хүүхэд ч ховор болсон цаг. Шагай амархан олддог юм шиг хэрнээ том зургаар нь харвал мартагдаж буй өв соёлын нэг юм. Эртний ном сударт 200 орчим шагайн наадгайн төрөл байсныг тэмдэглэсэн байдаг ч өдгөө 80 гаруй нь л уламжлагдаж байна. Тус брэндийг үүсгэсэн Э.Гүнбилэгт шагайг бүтээгдэхүүн болгоё гэхэд олдоц муутай, боловсруулах үйл явц нь удаан гэх зэрэг асуудал байсан учир хуванцар ашиглан үйлдвэрлэх санааг олж, эцсийн бүтээгдэхүүн гаргахад найман сарыг зарцуулжээ. Бүтээгдэхүүндээ шагайгаар тоглодог, нааддаг хүн гэсэн утгаар “Шагайчин” хэмээх нэрийг сонгож, хүүхэд бүр өв соёлоо мэддэг, өвлүүлэн үлдээдэг монгол хүмүүн байх болтугай хэмээн бэлэгшээн нэрлэжээ.
Шагайчин хэмээх цогц шийдэл бүхий бэлэн бүтээгдэхүүнийг хамгийн сайн чанарын хүнсний хэрэглээнд зориулагдсан хуванцар материалаар бүтээсэн нь адил хэлбэр, хэмжээ, жинтэй болж чадсан бөгөөд илүү цэвэрхэн, тод өнгөлөг болсон юм.
Шагайчин брэндэд олон давуу тал бий. Бага насны хүүхдэд зориулж эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, сайн чанарын, хүнсний зориулалттай PP5 хуванцар материалыг сонгож хийснийг хамгийн түрүүнд дурдах ёстой. Энэ түүхий эд Монголд байдаггүй учир Солонгосоос захиалан шагайгаа бүтээсэн. Түүнчлэн уг хуванцар материалыг хүүхдийн угж, аяга халбага, тоглоом зэрэгт өргөн ашигладаг, хагарч цуурдаггүй, нугалсан ч хугардаггүй онцлогтой. Дахин боловсруулагддаг хуванцар учир байгальд ч хор хөнөөл багатай. Шагайг үйлдвэрлэсэн гэхээр хүмүүс гайхаж, хэлбэр, хэмжээ, жингийнх нь талаар сонирхож асуудаг. Удаан хугацаанд сууж гаргасан шагайн гурван хэмжээст загвар нь яг л бодит мэт хэлбэртэй, цул бүтэцтэй бөгөөд жин, хэмжээний хувьд ч ясан шагайтай адил. Малын баруун, зүүн хөлийнх шиг буюу эр, эм 2 өөр чиглэлтэй хийгдсэн. Бүр харшуулахад дуугарах чимээ нь хүртэл адилхан байдаг. Иймд хаяж няслахад ясан шагайнаас ялгарах зүйлгүй.
Түүхий эд нь цаанаасаа өөрийн өнгөтэй байдаг тул тод өнгөтөй байхаас гадна будаг гардаггүй. Түүнчлэн, ясан шагайг хил гаалиар гаргадаггүй байсан бол энэхүү хуванцараар хийсэн шагайг гадагшаа авч явах, улмаар олон улсад бүтээгдэхүүнээ таниулах бүрэн боломжтой болсон.
Монголчууд бид хүүхдийнхээ хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн. Ардын тоглоом наадгай нь оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой юм. Шагайчин брэнд хүүхдүүдийг монгол хүн болж төлөвшихөд төдийгүй дэлхийд нүүдэлчдийн соёл уламжлалыг сурталчлан таниулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Д.Золжаргал
4 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30390
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.